Нэр дэвшигчдийн марафон

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд горилогчдын марафон нэг жил гаруйтай үргэлжилж, барианд тун ойртлоо. Хуулийн дагуу СЕХ-нд бүртгүүлж, батламжаа авсан нам, эвслүүд тавдугаар сарын 10-наас 16-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулах юм. Ингэхдээ нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх бөгөөд нам эвсэл тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ. МАН-ын хувьд энэ сарын 15-16-нд Бага хурлаа хуралдуулах бол АН Үндэсний бодлогын хороогоо энэ сарын 15-нд, “Та бидний эвсэл” энэ сарын 15-нд Бага чуулганаа хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ.

Бие даан нэр дэвшигчийн хувьд энэ сарын 10-16-нд тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулснаар өрсөлдөх боломжтой. Гарын үсэг зурсан иргэдийн мэдээллийг СЕХ нягталж, шалгах юм. Харин нэр дэвшигчдийн хувьд хуулийн дараах шаардлагыг хангасан байх ёстой.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3 Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

29.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

29.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.

29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал.

29.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

29.6.Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.

29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

Эдгээр шаардлагыг хангасан насанд хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй. Ингээд улс төрийн намуудын нэр дэвшигчдийн марафоны өнгийг тольдъё.

МАН ЖДҮ-чдээ жийнэ

Эрх баригч МАН-ын хувьд энэ сарын 15-16-нд намын Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулна. Өмнөх сонгуулийн үнэмлэхүй ялалтыг давтах уу, олонх болох уу эсвэл сөрөг хүчин болох уу гэдэг нь намын лидерүүд хийгээд удирдлагын мэргэн сонголтоос шалтгаална. Тиймдээ ч МАН-ын дарга У.Хүрэлсүх ёс зүйн асуудалтай, ЖДҮ-чин гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Дөрвөн жилийн засаглал дунд намын нэр хүндийг ихээр унагасан ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбоотой хүмүүст ч хариуцлага тооцож эхэлсний жишээ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд  асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн явдал. Цаашид ч жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудалд холбогдсон хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал хөндөгдөх гэнэ. МАН үндсэндээ сонгуульд оролцох мандатын төлөөх марафоноос ЖДҮ-чдийг хойш тавих нь. Харин үнэн эсэхийг харахад ердөө дөрөвхөн хоногийн хугацаа үлдлээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх:

-УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчид ёс зүй, хариуцлагатай, мэдлэг, туршлагатай,  итгэл даах чадвартай байх ёстой... Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна. Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна.

АН залуучуудаа сойно

Дөрвөн жилийн өмнө эрх баригч байсан ч эвдрэн салж, сөрөг хүчин болсон АН-ын лидерүүд одоо ч хагаралтай хэвээр байна. Нэгэн цагт Ерөнхий сайдын албыг хашиж явсан эрхэм Н.Алтанхуяг,  Монгол Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын лидерүүд сонгуульд бие даан оролцохоо мэдэгдээд байгаа. Үүнээс гадна намын даргын сонирхол, бусад нөлөөт хүмүүсийн зүтгүүрүүд гээд сонголт хийхэд хүндрэлтэй байдал АН-д үүссэн гэх. Гэхдээ дэнчингийн мөнгө 100 сая төгрөг, нэмэх нь 100 сая төгрөгийн дэмжлэгээ өгсөн горилогчдоос сонголтоо хийх болохоор төвөг нь багасаж ч байж мэднэ. Харин намын дарга С.Эрдэнийн хувьд нэр дэвшигчдэдээ хуульд заасан шаардлагуудаас гадна  намын доторх манлайлал, нэр хүнд нь ямар байгааг харгалзана гэдгээ мэдэгдсэн. Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-ын нэр дэвшигчдийн хар зурганд шинэ залуу төлөөллүүд олон байгаа аж.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Нэр дэвшигчдэдээ хуулиар тогтоосон үндсэн хэм хэмжээний шаардлагуудыг тавина. Тухайлбал, тухайн нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайллыг харгалзахаас гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийднэ. Түүнчлэн аливаа зүйлд халгаа сэлгээ шинэчлэлт өөрчлөлт гэх зүйл заавал байх ёстой. Үндэсний бодлогын хороонд нийт бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь дандаа залуучууд орж ирсэн. Түүнээс 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд орж ирсэн. Түүхэндээ ийм байгаагүй шүү дээ. Залуу үеийн төлөөлөл манай намын төлөөллийн төв байгууллагад түлхүү орж ирсэн. Нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн 80 орчим хувь нь дандаа шинэ залуу хүмүүс байна.

МАХН тэргүүтэй “Та бидний эвсэл” орон нутагт суурилна

УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН ганцхан суудал авсан ч нэг жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дэмжлэг хүчтэй хэвээр байгааг харуулсан.  Тиймээс ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэх хүсэл аль ч улс төрийн хүчинд байхгүй нь сонгуулийн хуулийн “Н.Энхбаярын” гэх тодотголтой заалтаас мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх заалтыг хуульд тусгасан. Үүнийг ҮХЦ ч хүний сонгогдох эрхийг зөрчөөгүй гэж үзсэн юм.

Гэхдээ МАХН-ын горилогчид Н.Энхбаяргүйгээр, дээр нь дангаараа сонгуульд оролцохыг хүссэнгүй. Тодруулбал, МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд ирэх сонгуульд “Та бидний эвсэл” байгуулж оролцохоор болж, батламжаа аваад байна. Одоогийн МАН-ын суурь МАХН-ын үнэнч дэмжигчид орон нутагт түлхүү бий. Үүнтэй холбоотойгоор “Та бидний эвсэл” чухал нэр дэвшигчдээ орон нутагт өрсөлдүүлэх сурагтай.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Энэ сонгууль амжилттай болбол нийгэмд тогтсон МАНАН арилна.  Залуучууд маань  төр засагтаа итгэхээ больсон байна. Намуудаас юу ч хүлээхгүй байна. Тэднийг нийгэмд саарал масс гэж ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ сонгуулиар саарал масс байхаа болж, нийгмийг өөрчлөх боломжоо ашиглана гэж итгэж байна. Нийгмийн өөрчлөх хүмүүс нь “Та бидний эвсэл”-ээс дэвшинэ.