Шигшээ багийн тамирчид ОУХМ цол хүртлээ

Хөлбөмбөг, футзалын үндэсний шигшээ багийн төлөө хүчин зүтгэж Монгол орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөхийн зэрэгцээ дотоодын тэмцээн уралдаануудад аваргалсан тоглогчид мастерын цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Тодруулбал футзалын үндэсний шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнээс олон тоглолтод Монголын нэрийн өмнөөс оролцсон П.Алтантулга, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Мөнгөнтулга нар Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнуулав.

Ингэснээр Монголын футзалын түүхэнд анхны ОУХМ-ууд төрлөө. Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан багаас Н.Цэдэнбал, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Б.Ариунболд, Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай нар ОУХМ-ийн цол тэмдэг хүртэв.