Азиудын мэндлэх ёс дэлхийд дэлгэрэв

БНХАУ-ын Ухань хотод 2019 оны арвахоёрдугаар сард анх илэрсэн шинэ коронавирус өдгөө маш богино хугацаанд дэлхийг түгшээсэн цар тахал болоод байна. Анх шинэ коронавирусийн хурдацтай тархалтыг зогсоохын тулд БНХАУ хөл хорио тогтоож, бусад улс орнууд аль болох иргэдээ Ухань хотоос татаж авахыг эрмэлзсэн. Одоо ч бүх улс орон бүрэн болон орон нутгийн чанартай хөл хорио тогтоохын зэрэгцээ гадаадад оршин суугаа иргэдээ татан авахыг эрмэлзэж байгаа. Үүнтэй зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрт шилдэг эрдэмтэд эрчимтэй судалгаа хийн CoVid19 цар тахлын эсрэг эм, эмчилгээ, вакцин гаргаж авахаар цаг хугацаатай уралдаж буй.

Тиймээс дэлхий нийтээр гэрээс гарахгүй байх, өөр хоорондоо хоёр хүртэлх метрийн зайнаас харилцах, дөрвөөс дээш хүн нэг дор цуглахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа байнга ариутгах, олон нийтийн газраар зорчихгүй байх зэрэг хөл хорионы хатуу дэглэм тогтоон, дагаж мөрдөж буй.

Хүн төрөлхтнийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархах эрсдэлийг бууруулах үүднээс дэлхийн нийтээр ажил, гэр, сүм хийдэд үйлддэг зан үйл, дадал зуршлаа өөрчлөхөд ч хүрлээ.

Тэгвэл энэхүү хөл хорионы хатуу дэглэм суларч энгийн нөхцөл байдалд шилжсэн ч одоо хэрэглэж буй арга хэлбэр цаашид ч үлдэх талаар футурологчид хэд хэдэн магадлал дэвшүүлээд байна. Үүний нэг нь улс үндэстнүүдийн мэндлэх ёсонд өөрчлөлт орох гэнэ. Учир нь, тэврэлдэх, үнсэх, гар барих мэндчилгээтэй улс үндэстнүүдийн мэндчилгээний хэлбэр цаашид алга хавсрах, бөхийх, тохой нийлүүлэх зэргээр өөрчлөгдөх аж. Үндсэндээ азиудын мэндлэх ёс бусад улс оронд өргөн хэрэглэгдэх боллоо.

Хятадад анх илэрсэн уг вирус Европ руу маш эрчимтэйгээр тархсан. Франц, Герман, Итали, Испани зэрэг бие биеэ үнсэж, тэвэрч халуун дотноор мэндчилдэг улс оронд цар тахал эрчимтэй тархсан нь тэдний мэндчилгээний хэлбэртэй холбоотойг үгүйсгэх аргагүй. Үүнийг батлах жишээ нь алсын зайнаас мэндчилдэг улс орнуудад халдварын тархалт харьцангуй эрчээ аваагүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс ч дэлхийн томоохон удирдагчид хүртэл мэндчилгээний хэлбэрээ өөрчилжээ. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвараас сэргийлж, Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр албаны хүмүүстэй тохой шүргэлцэн мэндэлсэн. Улмаар Трамп тайвань, энэтхэг ёсоор алга хавсран мэндлэх болсон юм.

Мөн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель олон улсын томоохон арга хэмжээнд оролцохдоо гаднын зочинтой гар барихаар зангасан ч болохгүй хэмээн инээмсэглэсэн тохиолдол бий. Энэ мэтчилэн төрийн түшээдийн мэндчилэх хэлбэрт орсон өөрчлөлтүүд ард иргэдэд нөлөөлөөд байгаа юм.

Улмаар ойрын зайнаас тохой шүргэлцэн мэндчилэхээс илүүтэй толгой бөхийн мэнд мэдэх нь энэ цаг үеийн хамгийн оновчтой, аюулгүй хэлбэр болоод байна. Өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр коронавирусийн эсрэг вакцин гаргаж чадаагүй. Тиймээс 2020 оныг дуустал иргэд өөр хоорондоо хоёр хүртэлх метрийн зайнаас харьцах дэглэм хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэдгийг ДЭМБ-аас хэдийнэ зарласан.

Улс орнууд коронавирусийн улмаас үүссэн нөхцөл байдалд тохируулан өөрийн ёс заншил, уламжлалдаа хэрхэн өөрчилж буйг тоймлон хүргэе.

Монгол

Хоёрдугаар сард тохиодог уламжлал цагаан сарын баярыг коронавирусийн халдварын улмаас өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзсан. Улмаар олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй, золгохгүй байх уриалгыг гаргасан. Энэ үүднээс уламжлалт Цагаан сарын баяр цомхон болсон онцлогтой.

БНХАУ

Хятадын томоохон хотуудын зарлалын самбаруудад бусадтай мэндлэхтэй гар барихгүй, харин өөрийнхөө хоёр гарын алгыг хавсрах хэлбэрээр мэндлэхийг санал болгосон зурагт хуудсууд өлгөжээ. Мөн мэндчилгээний уламжлалт хэлбэр болох нэг гараа атгаад нөгөө гарын алганд хүргэх хэлбэрээр мэнд мэдэхийг ард иргэддээ уриалсан байна.

Франц

Францчууд өдөр тутмын мэндчилгээний хэв маяг болох хацар дээр үнсэх болон гар барихаас татгалзахыг уриалжээ. Тус улсын судлаачид үгээр мэндлэх, нэгнийхээ нүд рүү харахад л хангалттай гэсэн байна.

АНЭУ

Арабын нэгдсэн Эмират улс болон Катарт ард иргэддээ уламжлалт мэндчилгээний ёс болох хамар хамраа нийлүүлэхгүй байхыг зөвлөжээ. Өөр хоорондоо мэндлэхдээ үнсэхийн оронд гараа даллахыг уриалсан байна.

Бразил

Бразилын эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг үнсэж мэндчилэхгүй байхыг хатуу сануулсан байна.

Испани

Коронавирусийн халдвар испаничуудыг Улаан өндөгний баяраар Гэгээн эх Мариагийн баримлыг үнсэх ёсыг халахад хүргэсэн. Долоо хоног үргэлжилдэг эл баяраар эрх баригчид энэхүү уламжлалт зан үйлийг хориглосон. Тиймээс иргэд уламжлалаа бодон сүмд очсон ч Гэгээн Мариагийн барималд ч хүрэлгүйгээр баяраа тэмдэглэжээ.

Шинэ Зеланд

Шинэ Зеландад уламжлалт Маори мэндчилгээ буюу хамрынхаа үзүүрийг шүргэлцэж мэндчилэх ёсыг түр хугацаанд халсан.

Австрали

Шинэ Өмнөд эмч, мэргэжилтнүүд иргэддээ гар барихын оронд далан дээр нь хөнгөн алгадах хэлбэрээр мэндчилэхийг уриалжээ.

Польш

Тус улсын католик сүмд орж гарахдаа ариун усанд гараа ариутгах зан үйл байдаг. Тэгвэл коронавирусийн халдвартай холбогдуулан энэ зан үйлийг зөвхөн загалмайг дүрслэн адислах хэлбэрээр орлуулахыг сүсэгтэн олноос хүссэн байна.

Украин

Украинчууд зүүнээс эхлэн баруун зүүн хацар дээр нь гурвантаа үнсэн мэндчилдэг. Тэгвэл коронавирусийн халдварын улмаас уг мэндчилгээнээс татгалзахад хүрчээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)