Палестины Ерөнхийлөгч Израиль, АНУ-тай бүх гэрээ хэлэлцээрээ таслахаа мэдэгдлээ

Палестины бүх газар нутгийг нэгтгэх Тель-Авивын эрмэлзлийн улмаас Израиль, АНУ хоёртой бүх гэрээ хэлэлцээрээ таслан зогсоож буйгаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас "Аль-Жазира" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Палестиныг чөлөөлөх байгууллага, Палестины улс өнөөдрөөс эхлэн АНУ, Израиль хоёртой байгуулсан бүх гэрээ, хэлэлцээрээс, тухайлбал аюулгүйн салбарын үүргээс бүрэн чөлөөлөгдөж байна" хэмээн Аббас онцоллоо.

Рамаллах хотноо болсон уулзалт дээр Аббас тайлбар өгөхдөө аюулгүйн салбарын гэрээнүүд цуцлагдаж буйг хэлжээ. Палестины газар нутгийг эзлэн түрэмгийлсэн булаан эзлэгчид гэдгийнхээ хувьд Израиль хариуцлага хүлээх ёстой гээд Палестиныг олон улсын байгууллага болон хүрээлэнгийн бүтцэд оруулахыг уриалжээ.

Палестин-Израилийн зөрөлдөөнөөр гуравдагч талын зуучлал дор хэлэлцээр явуулахад бэлэн гэдгээ Аббас бас мэдэгдлээ.

Нэгдүгээр сарын сүүлчээр Палестин-Израилийн зөрчилдөөнийг зохицуулах нөхцөлийг Америкийн Ерөнхийлөгч Трамп нэрлэсэн юм. “Зууны  гэрээ” хэмээх санаачлагаар Иерусалим хот Израилийн хуваагдашгүй нийслэл болох ёстой гэж заажээ. Ингэхдээ Палестинд Зүүн Иерусалимд нийслэл байгуулж өгнө, ер нь энэ гэрээгээр Палестин өөрийн газар нутгаа хоёр дахин ихэсгэнэ гэсэн байв. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху уг төлөвлөгөөг энх тайванд хүрэх бодит зам хэмээн нэрлэсэн бол Палестиний зүгээр эсэргүүцсээр байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)