Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй

Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа иргэн сонгуульд нэр дэвших боломжтой

Тавдугаар сарын 16-ны 00:00 цагаас өмнө нам, эвслүүд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрийг эцсийн байдлаар тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Гэхдээ нэрийн жагсаалтыг харвал Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нэрийг нь буцаах магадлалтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа юм.  

Сонгуулийн тухай хуулийн 29.7-д “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг. Энэ хуулийн 29.8-г авч үзвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшихээ илэрхийлсэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамаатай заалт болж байгаа юм. Түүнд шүүхээс 2.6 жилийн ял оноож байсан юм.   

СЕХ-ны хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Хуульд заасны дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшихийг хориглож байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл лавлагааны төвөөс гаргаж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо энэ лавлагааг үндэслээд тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

Шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутай гэж үзэхгүй. Одоогоор нэр цохож хэлж мэдэхгүй байна. СЕХ аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн үйлдээгүй гэдгийг тогтоох боломжгүй. Тэрийг зөвхөн холбогдох байгууллагууд тогтоож лавлагаа гаргадаг. Тэр лавлагааг үндэслэж бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг” гэв.

Харин Сонгуулийн тухай хуульд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр шалгагдаж байгаа нэр дэвшигч сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн үг юм. Гэхдээ Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, C.Баярцогт зэрэг нэр дэвшигчидтэй холбогдох шүүх хурал сонгуулиас өмнө болохоор товлогдоод байгаа. Хэрвээ шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоовол нэр дэвших боломжгүй болно.

Сонгуулийн тухай хуульд, нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан тодорхой баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ гэж заасан.  Үүнд. Ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэр, дээд шүүхийн лавлагаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа зэрэг хамаарна. Одоогийн байдлаар нам эвслээс нэг ч хүн энэ баримт бичгээ СЕХ-нд хүргүүлээгүй байна. Бие даагчдаас харин 56 хүн баримт бичгээ өгчээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тогтоох гэж хамгийн багадаа 20-30 жил болно.

    0 0 Хариу бичих
  2. ;хлк;

    0 0 Хариу бичих