ОУВС-гаас 100 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ

ОУВС-гаас 100 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ. Уг хэлэлцээрийг ирэх сард ОУВС-гийн захирлуудын зөвлөл батламжлах юм байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тавдугаар сарын 11-13-нд ОУВС-тай 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүссэн. Гол зорилго нь COVID-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулж, тогтвортой байдлыг хангах, эргэн сэргэхэд зарцуулах юм” гэлээ.

Монгол Улс 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Хөтөлбөр энэ сарын 23-нд дуусна. Хөтөлбөрийн таван шатны санхүүжилт орж ирсэн ч, зургаа дахь шатны санхүүжилт нэг жилийн хугацаанд гацсан юм. Тодруулбал, хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар юм.  Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл буюу Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Одоо хугацаа нь мөн дуусаж байгаа. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирнэ. Харин ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм.

Дашрамд дурдахад, Монгол Улс цаашид ОУВС-гийн хөтөлбөрт дахин орохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн билээ.