Ченжүүд цементийн үнийг хөөрөгдөж байна

БХБЯ:  Тавдугаар сарын эцэс, зургаадугаар сарын эхээр цементийн үнэ тогтворжино

Манай улсын цементийн жилийн хэрэглээ 1 сая гаруй тонн байдаг. Энэ хэрэглээг дотоодын 5 үйлдвэр бүрэн хангадаг. Гэвч сүүлийн саруудад цементийн үнэ огцом нэмэгдсэн нь барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнд цохилт болж байна.   

Бүтээн байгуулалт ид эхэлсэн энэ үед барилгын материалын үнэ тэр дундаа цементийн үнэ өсөж хомсдол үүслээ гэдэг зүйлийг барилгын компаниуд болон ард иргэд хэлж байгаа. Тэгвэл 44 барилгын материалын зах дээр нэг тонн цемент 280-320 мянган төгрөг болж өсжээ. Өмнө нь нэг тонн цемент 160-200 мянган төгрөгийн хооронд зарагддаг байсан юм.

Уг зах дээр цемент худалдан авахаар зорьж ирсэн иргэд “Цементийн үнэ өссөн байна, монгол цемент алга, урдаас орж ирсэн цемент л байна. Уг нь цаанаасаа үнээ нэмээгүй гээд байгаа ч энд ховор, үнэ өндөр байна” гэхтэй таарлаа.

44 барилгын материалын зах дээр цемент жижиглэнгээр худалдан авч байгаа иргэдийн ихэнх нь импортын бүтээгдэхүүн авч байна. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгж болон иргэдийн дунд цементийн хомсдолыг дотоодын томоохон үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэлээ зогсоосонтой холбон тайлбарлалаа. Энэ эргэлзээтэй холбогдуулан, Жишээ болгож Хөтөлийн цемент шохой компаниас үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа эсэх, үнээ нэмсэн эсэхийг тодрууллаа. Хөтөлийн цемент шохой компанийн хувьд тогтмол ажиллах хугацаандаа 300-400 мянган тонн цемент үйлдвэрлэдэг юм.   

Хөтөлийн цемент шохой ХХК-ийн захирал А.Шоовдор “Манай үйлдвэр өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Бид 2018 онд мөрдөгдөж байсан үнээ өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Үнэ нэмэх сонирхол байхгүй. Коронавирусийн үед барилгын салбарын бүтээн байгуулалт бий болоход бид нөөц багатай бусад үйлдвэрүүд бэлтгэл ажлаа хийж чадаагүйтэй холбоотой хомсдол үүсээд байгаа.

2018 оны үнэ гэхээр НӨАТ ороогүйгээрээ задгай цементийн үнэ 150 мянган төгрөг, НӨАТ-тай нь 166, савтай цемент гэхээр 50 кг ууталдаг нь 162 мянган, НӨАТ орсон нь 180 мянган төгрөгөөр манай хашаанаас гардаг” гэв.                        

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс цементийн энэхүү хомсдолыг коронавирусний халдвар, тархалттай холбон тайлбарлаж байна. Дотоодын үйлдвэрлэгч томоохон компаниудын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор доголдсон нь ч үүнд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна. Түүнээс гадна дамлан худалдаа хийж байгаа хүмүүс буюу ченжүүд үйлдвэрлэл буурсан энэ хугацаанд үнийн хөөрөгдлийг бий болгосон гэх тайлбар өгсөн юм.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж  “Үнийн хөөрөгдлийг үйлдвэрүүд гаргаагүй. Харин үйлдвэрүүдээс энэхүү  хомсдлыг  далимдуулан бэлэн мөнгөтэй хүмүүс буюу ченжүүд их хэмжээгээр авч дамлаж байна. Түүнээс биш үйлдвэрээс нь мөнгөө байршуулаад авахад үнэ өсөөгүй. Одоо зах зээл дээр ууттай цементийн хомсдол маш их байна. Орон нутагт бүтээн байгуулалт ид явж байгаа учраас тийшээ цемент ачуулсан ч хүрэлцэхгүй дутагдалтай байгаа нь үнэн” гэв.      

     

Харин Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр Мак болон Монцемент үйлдвэрүүдийн хувьд Эрчим хүчний төлөвлөгөөт засвар үйлчилгээнд орж байгаа учраас тодорхой хугацаанд үйл ажиллагаа нь түр зогссон байна. Удахгүй үйл ажиллагаагаа эхэлж, тавдугаар сарын эцэс, зургаадугаар сарын эхээр дотоодын үйлдвэрүүд бүгд ажиллах эхэлнэ, үүний дараа цементийн үнэ тогтворжиж, хомсдол арилна гэх тайлбарыг өгсөн юм.