Төв банк ипотекийн зээлийг дахин санхүүжүүлнэ

Монгол Улс ОУВС-гийн  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар төсвийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд ипотекийн зээлийг Монголбанк хариуцахгүй байх үүргийг 2018 оноос хойш хүлээсэн ч хариуцах эзэнгүй гэдэг шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл санхүүжүүлсээр ирсэн.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлийг Сангийн яамыг санхүүжүүл гэдэг зөвлөгөөг ОУВС-гаас өгсөн. Тэр бүү хэл, 2018 он гэхэд Монголбанк Ипотекийн зээлээс бүр гар гэсэн. Үүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу Ипотекийн зээлийг хэн нэгэнд шилжүүлээгүй, хүлээж авах газар ч гарч ирэхгүй байна. Заасан хугацаа нь нэгэнт өнгөрсөн учраас ОУВС-гаас өмнөх шаардлагаа дахин тавьсан. “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш Монголбанкнаас Ипотекийн зээлд зориулж нэг ч төгрөг гаргахгүй шүү” гэж байв.

Гэвч Төв банк ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхээр болжээ. Энэ талаар Төв банкны мэдээлэлд “Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлтийг шийдвэрлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлнэ” гэсэн юм.  Уг санхүүжилт 2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд хөтөлбөрийг  Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр   санхүүжүүлэх юм байна. Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлэх гэнэ.  Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх бол Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгохоор тооцжээ.

Дээрх санхүүжилтийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох юм байна. Түүнчлэн үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгожээ.

Ингэснээр Төв банк дахин төсвийн шинжтэй үйл ажиллагаанд хутгалдах нь. Уг нь Төв банкны тухай хуульд заасан. Түүнчлэн Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, санхүүжүүлэх нь үндсэн чиг үүрэгт нь ч харшилдагийг ипотек тэргүүтэй хөтөлбөрийн жишээ харуулна. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ipotekiin zeel garaad l bairnii une huusruud suga usuu bizdee. ugeerl zah zeeliin zarchimaar ni yavuulaa.ovoo une ni buuj baihad chin!!!!

    0 0 Хариу бичих