Хавдрын эмчилгээний жилийн төсөв өвчтөний тал хувийг эмчлэхэд л хүрдэг

Хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёр дугаарт бичигдэх болсныг Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистик баталж байна. Үүгээр ч үл барам жилээс жилд хавдрын тохиолдол нэмэгдэх болсон. Гэтэл улсаас баталдаг  химийн эм, тарианы төсөв  маш бага байдаг. Үүнээс шалтгаалж эмчилгээ шаардлагатай хүмүүсийн тал нь эмчлүүлэх нөхцөл үүсгэж байгаа нь анхаарах асуудлуудын нэг болжээ  

Монгол улсад хавдар гэдэг өвчнийг эмчилдэг хоёр газар бий. Шингэн эрхтний хавдрыг УНТЭ, элэг, бөөр зэрэг эрхтний хавдрыг  Хавдар судлалын үндэсний төв оношилдог бас эмчилдэг. Гэхдээ энд анхаарах нэг  зүйл бий. Энэ бол эмчилгээний зардал, химийн эм тарианы хүрэлцээ хангамж.  Учир нь химийн эм тариа бол хавдрын эсрэг онцгой бүтээгдэхүүн. Хавдартай гэж оношлогдсон хүний чухал хэрэглэгдэхүүн болдог. Гэтэл улсаас баталсан хавдрын эмчилгээний зардал өвчтөн бүрийг эмчлэхэд хангалттай хүрэлцдэггүй. Хэдхэн тоо онцлоё. Хавдар судлалын үндэсний төв гэхэд л жилд 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ нь 100 хүнд эмчилгээ хийх ёстой гэж тооцоолбол 50 хүнийг л эмчлэхэд хүрэлцдэг аж.

УНТЭ жилд 700 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Энэ бол 2017 онд батлагдсан төсөв. Уг төсөв мөн л тус эмнэлэгт оношлогдсон хавдартай хүмүүсийн 3/1 -ийг  нь  эмчлэх  эмчилгээний зардал болдог.

Манай улс  хавдрыг эмчилж чаддаг. Эмчилгээний үр дүн ч сайн. Гагцхүү хавдрын тохиолдол нэмэгдэх болсон энэ үед бүх хүнийг эмчлэх боломжийг улсаас баталсан төсөв хаана бас бооно.

Б.Хишигжаргал: Хавдрын эм, тариаг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг болох шаардлагатай

УНТЭ-ийн цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, АУ-ны доктор Б.Хишигжаргал “Хуулинд хавдрын өвчтэй хүмүүсийн эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хийнэ гэсэн заалт байдаг. Гэсэн хэдий ч манай эмнэлгийн төсөв үүнийг 100 хувь даахад хаана ч хүрдэггүй. Бид голдуу химийн эмчилгээг улсын төсвөөр манай эмнэлэгт ЭМЯ-наас төсөвлөгдсөн төсвийн хэмжээнд тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулан эмийн компаниуд нийлүүлдэг. Төсөвлөгдсөн бага төсвийг аль болох жигд хүртээх зорилгоор жилийн туршид оношлогдож байгаа шинж болон хуучин хавдартай хүмүүсийнхээ эмчилгээнд хувааж хэрэглэдэг. Зайлшгүй тохиолдолд ар гэрээс нь зарим эмийг захиж хэрэглэдэг” гэв.

Тохиолдол бүрийг эмчлэе гэвэл УНТЭ-д л гэхэд хавдрын эмчилгээний зардалд жилд  3 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо байгаа төсөв дээр 2.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг. ХСҮТ-д ч мөн адил төсөв нэмэх шаардлага тулгарчээ.  Гэхдээ төсөв нэмэх боломжгүй бол нэг гарц бий. Гаднын улс орнууд энэ асуудлыг эрүүл мэндийн даатгалаар шийддэг жишээ байна. Өндөр үнэтэй ховор эм тариа аль ч улсад өртөг өндөртэй. Бүгдийг нь улсын төсвөөс даах боломжгүй. Тиймээс шаардлагатай хүмүүс нь тухайн эм тарианых нь 85-90 хувийг хөнгөлж өгдөг байна.

Н.Эрдэнэхүү: Хавдрын эмчилгээний төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Төсөв, даатгал гэдэг хоёр зүйлд өөрчлөлт хийх болсон. Сардаа 550 сая төгрөгт эмээ барихыг хичээдэг. Ний нуугүй хэлэхэд төсвийн энэ мөнгө нийт хэрэгцээнийхээ хаана нь ч хүрэхгүй” гэв.  

Хавдартай нэг өвчтөний сард уудаг нэг эм л гэхэд  3 сая төгрөгийн үнэтэй. Урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хавдрын эмчилгээ, эм тарианы зардал өндөр гардаг байна. Хавдрын тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа учир улсын төсвөөс эмчилгээний зардлыг даахад хүндрэл үүсэх талтай. Тиймээс эрүүл мэндийн даатгалаар шийдэх гаргалгаа байгааг  мэргэжлийн эмч нар хэлж байна. Нөгөө талдаа эм, тарианы хангамж хүрэлцээ тааруу ийм үед монголдоо эмчлэх боломжтой өвчнийг боломжтой хүмүүс нь гадагшаа явж хийлгэж байгаа нь валютын урсгал дотоодыг биш гадаадыг чиглэх болсон нь үүнд нөлөөлнө.

Хөндөөд байвал хавдартай холбоотой олон асуудал урган гарсаар байна.