Хятад улс Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хууль боловсруулж байна

Өнөөдөр нээгдэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг хэлэлцэн батална хэмээн Синхуа агентаг мэдээллээ. 1997 онд Хонконг Хятадад эргэн нэгдсэнээс хойш хамгийн өргөн хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ өнгөрсөн жил өрнөж, ардчиллыг дэмжигчид хэдэн мянган залус эх газрын бодлогыг эсэргүүцэн тэмцсэн юм. Үүнээс шалтгаалан Бээжингийн зүгээс засаг захиргааны онцгой бүсэд зориулсан аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоохыг эрмэлзэх болсон. Өчигдөр БХАТИХ-ын Тэргүүлэгчдээс уг хуулийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, зарим улс орны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

Бээжин шинэ хууль тогтоомж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Хонконгт дахин үймээн самуун дэгдээж болзошгүй юм. Шинэ хуулийн тухай зарласны дараа ардчиллыг дэмжигчид "Хонконгийн төгсгөл ирлээ" хэмээн мэдэгдлээ. АНУ-ын зүгээс энэ алхмыг Хонконгийн бие даасан байдалд Хятад улсын хүлээсэн үүргийг алдагдуулж болзошгүй гэж үзэж байна гэлээ.

Тэгвэл Хятадын зүгээс гадаадын улс орнууд Хонконгийг ашиглан улс орны нэгдмэл байдлыг хагалан бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ гээд засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулахаа мэдэгджээ. Мөн Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харъяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гадаад орон оролцох эрхгүй гэдгийг онцолсон байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)