ТООН ТОЙМ: УИХ-ын сонгуулийн зардал

Монгол улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталснаас хойш УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг энэ онд 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудын сонгуульд зарцуулах зардлын хэмжээ тогтмол нэмэгдэж ирснийг судалгааны дүн харуулдаг. Cонгогчдын боловсролын төвийн хийсэн судалгаанаас харахад нэр дэвшигч, намуудын компанит ажлын зардал 1992 онд 13.7 сая төгрөг байсан бол 1996 онд 209.3, 2000 онд 1.8 тэрбум төгрөг, 2004 онд 1.6 тэрбум төгрөг, 2008 онд зардал огцом нэмэгдэж бараг 8 тэрбум төгрөгт хүрсэн бол 2012 онд 36.9 тэрбум төгрөг зарцуулжээ. харин өмнөх буюу 2016 оны УИХ-ын сонгуульд 34.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ зардлыг нэг сонгогчид ногдох кампанит ажлын зардлаар тооцож харвал 1992 онд нэг сонгогчид 13 төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 29830 төгрөг, өмнөх 2016 оны сонгуулиар 17 980 төгрөг зарцуулсан судалгааны дүн байна. Дээрх тоон мэдээллээс харахад 2012 оны УИХ-ын сонгуулиар нэг сонгогчид ногдол зардал хамгийн их байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулиар буурсан дүнтэй харагдаж байна.

Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид тэнцвэртэй бөгөөд тогтвортой эрхзүйн орчинд тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх боломжтой байх явдал юм. Зардал ийнхүү сонгуулиас сонгуульд нэмэгдэж, хэт өндөр байгаа нь мөнгөтэй нэг нь ялалт байгуулах боломжийг бий болгож байгаа гэдгийг судлаачид шүүмжилдэг. Үндэсний аудитын газраас сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчдийн зардлын дээд хязгаарыг тогтоодог. Сонгуулийн хуульд зааснаар төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 3 сарын 1ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа. 50.2 заалтад "төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг   тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзан СЕХ болон Монгол Улсын Ерөнхий аудитор хамтран батална гэж заасан байна.

Үндэсний аудитын газраас нам эвслээс 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хоёрдугаар сарын 28ний өдөр тогтоосноо зарласан. 2016 онд 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГ байсан нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хязгаар ийнхүү 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2020 оны сонгуулиар 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГ болж өсчээ. Харин нэр дэвшигчдийн хувьд тойргоосоо хамаараад харилцан адилгүй байна. Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 360.4 сая төгрөг, Баянгол дүүрэгт хамгийн өндөр буюу 775.5 сая төгрөг байхаар таазыг тогтоожээ. 2016 онд нэр дэвшигчдийнх 85-225 сая төгрөг байсан. Зардлын дээд хэмжээг ийнхүү тогтоосон үндэслэлээ Аудитын газраас 2020 оны уих сонгууль 29 томосгосон тойргоор явагдах болон тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгтэй уялдуулан өмнөх сонгуулиас өсгөсөн гэж тайлбарласан. 2016 оны сонгуулийн зардалд хөндлөнгийн хяналт сул байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд төрийн бус байгууллагын хичээл зүтгэлийн тодорхой хэмжээнд дэвшил гарсан гэдгийг хэлж байна.

Санал хураах өдрөөс өмнө нэр дэвшигчид зардлын тайлангаа олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Үүүнээс гадна сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт, нам эвслүүд 45 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж СЕХ-нд хүргүүлнэ. Ингэхдээ тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна гэж заасан байдаг. Гэхдээ СЕХ-нд нам, эвсэл, нэр дэвшигчдийн өгсөн зардлын тайланг үзэхэд улс төрийн намууд сонгуулийн зардлаа тайлагнахад хойрго хандаж байгаа нь харагддаг.  Энэ нь бодит зардал гарах нөхцөл болохгүй байгааг судлаачид хэлдэг. Жишээлбэл 2016 оны УИХ-ын сонгуульд нийт 12  нам, 3 эвсэл, 498  нэр дэвшигч  өрсөлдсөн. Үүнээс 11 нам, 2 эвсэл, 386 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн байна. Үндэсний Аудитын Газрын мэдээллээр нам, эвслүүд 8.4 тэрбум, нэр дэвшигчид нийт 26 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулиар нам эвсэл, нэр дэвшигчид 34.4 тэрбум төгрөг зарцуулсан нь харагдаж байна. Гэхдээ сонгуульд өрсөлдсөн 1 нам, 1 эвсэл, 112 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй байна.  Хэрвээ нэр дэвшигчид бүгд тайлангаа өгсөн бол зардал энэ хэмжээнээс илүү байх байсныг ч судлаачид хэлж байна.

Нам, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа ч түүний эх үүсвэр, зарцуулалтын ил тод байдал бүрхэг хэвээр байна. Хяналт ч сул байгааг өөрчлөх шаардлагатайг судлаачид хэлж байна. Сонгуулийн зардал хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэсэн хөрөнгөөс бүрдэнэ гэдгийг хуульчилсан байдаг. Хандивын хэмжээг ч хуультай. 2016 оны сонгуульд иргэн 3 сая төгрөг, аж ахуй нэгж 15 сая төгрөг хүртэл хандив өгч болох дээд хэмжээг тогтоосон байсан бол 2020 оны УИХ-ын сонгуулийн хандивын хэмжээ иргэн 5 сая, аж ахуй нэгж 20 сая төгрөг хүртэл байхаар нэмэгдүүлсэн. Хандивыг бэлнээр авах боломжгүй ч хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг гэдгийг судлаачид хэлж байна.

Нээлттэй нийгэм форумаас 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд мониторинг хисэн тайланд дурдсанаар 2016 оны сонгуульд оролцсон дэлгэрэнгүй мэдээлэл авсан 23 нэр дэвшигчийн сонгуулийн зорилгоор хуримтлуулсан хөрөнгийн 70 гаруй хувь нь иргэдийн хандив болон өөрийн хөрөнгөөс бүрджээ. Харин нам болон хуулийн этгээдээс өгсөн хандив 28 хувийг эзэлсэн байна. Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн тухайд хуульд нарийвчилж тодорхойлсон, зохицуулсан заалт байхгүй. Энэ жилээс сонгуульд нэр дэвшигчид өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар өгч байгаа. Бүх нэр дэвшигчид хөрнгө орлогын мэдээллээ өгөх үүрэгтэй учраас сонгогчдод бас тухайн хүнээ судлахад нэг мэдээлэл болж байна.  Судалгаанаас харахад сонгуульд гаргаж байгаа зардлын дйилэнх нь нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө байгаа учраас тухайн нэр дэвшигчийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэг талын хяналт болж байгаа юм. Гэхдээ өөрийн хөрөнгийг зохицуулсан хууль эрхзүйн орчин байхгүй учраас нэр дэвшигчид өөрийн хөрөнгө нэрийдлээр их хэмжээний зардал гаргадаг нь мөнгөтэй нэгэнд давуу тал олгож байгаа юм. 

Сонгуулийн зардал ихсэх тусам нэр дэвшигчдийн хувиасаа гаргах зардлыг босгох дарамт нэмэгдэнэ гэсэн үг юм. Сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлыг зохион байгуулахад зардал гарах нь ойлгомжтой. Харин зардал нь ямар хэмжээтэй вэ, эх үүсвэр нь юу вэ гэдэг гол асуудал юм. Сонгуулийн хуульд нэр дэвшигчдээс сонгогчдод бэлэг сэлт өгөх, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх зэргээр тэдний дэмжлэгийг авах, санал худалдан авах үйлдлийг хязгаарлаж өгсөн нь маш чухал арга хэмжээ болсон. Манай улс европын холбооны хар жагсаалтад орсон. саарал жагсаалтаас гарахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа үед санал худалдаж авах, хандив цуглуулах нэрийдлээр мөнгө угаадаг үйлдэлд хяналтын байгууллагууд сайн ажиллах ёстойг ч хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 34.4 yumuu 3.4 yumuu. textee nemej hyanadaggui yumuu hashain. olon hund medeelel ugdug site bj bngin aldaatai niitlel gargahin. iim erguu gachin yum bichd niitled suuj bh ichmeer bishu

    0 0 Хариу бичих
  2. Мэндчилгээ Сайн уу, миний нэр Дорес РОДРИГЕЗ, би хувийн зээлдүүлэгч бөгөөд та хүссэн зээлээ өгөх гэж ирсэн юм. Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Бизнесээ хөгжүүлэхийн тулд зээл хэрэгтэй юу? Том эсвэл жижиг хэмжээний бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Таны амьдрал болон одоогийн санхүүгийн байдлыг өөрчлөх зээл хэрэгтэй байна уу? Аливаа зүйлийг засахын тулд танд яаралтай болон яаралтай тусламж хэрэгтэй байна уу? Бид танд 3% -иас доошгүй хүүтэй зээлийг санал болгохоор ирсэн бөгөөд та 5,000 EUROS-ээс 100,000,000 EUROS хүртэлх зээлийг хамгийн дээд тал нь 50 жилийн хугацаатай авах боломжтой. Зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр ([email protected]) цаг алдалгүй бидэнтэй холбоо бариарай. Баярлалаа

    0 0 Хариу бичих