Д.Нямхүү: 2 хүн эдгэрэн ХӨСҮТ-ээс гарч, нэг сонсогчоос халдвар илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн  лабораториудад 403 хүнд шинжилгээ хийхэд 402 хүний хариу сөрөг гарсан. Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тэрээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр илэрсэн. ОХУ-аас тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сонсогчоос илэрлээ. Ингээд ОХУ-аас ирсэн 57 оюутнаас коронавирус илэрлээ.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар онош батлагдсан 141 хүн, эдгэрсэн 28, эмчилгээнд байгаа 113 хүн байна.

Сайн мэдээ өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилалд шилжлээ.

Хүмүүсийн эмчлэгдэж байгаа хоногийн тоо 30-40 байна” гэв.