БНХАУ-ын "CanSino Biologics" компанийн бүтээж буй вакцин дархлааны хариу урвалыг өдөөж чаджээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлийн хурлаа хийв.

Энэ үеэр дэлхийн дахинд COVID-19-ийн тархалтын нөхцөл байдал болон сүүлийн үед хийгдэж буй вакцин, эмчилгээний туршилтын талаар мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр "Халдварын тоогоор дэлхийд АНУ, Бразил, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д тавдугаар сарын 22-нд 20 мянга гаруй шинэ халдвар, 1000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Бразилд 20,800 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 330 мянга 800 гаруй болжээ. Мөн 1,000 гаруй нас баралт бүртгэгдсэнээр тус улсын эндэгдэл 24 мянга 800 гаруйд хүрээд байна. Ийнхүү батлагдсан тохиолдлоороо Бразил улс АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх боллоо.

Баасан гарагт Бүгд найрамдах Энэтхэг улсад шинээр 6,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 118 мянга гаруй болсноор батлагдсан тохиолдлын тоогоор тус улс дэлхийд 11 дүгээр бичигдэх болсон. 

Энэтхэг улсын дараагаар Өмнөд Америкийн Перу улсад халдвар эрчимтэй тархаж байна. Батлагдсан тохиолдлын тоо 100 мянгыг даваа байна. ДЭМБ-аас өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийдээ шинэ коронавирусийн гол төв нь Өмнөд Америк тив рүү шилжлээ гэж онцолж тэмдэглэсэн" гэв. 

БНХАУ-ын "CanSino Biologics" компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнгийн талаар "The Lancet" сэтгүүл мэдээлжээ. Уг вакциныг тарихад хүний биед аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг биет болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд хүний биед вирусийн эсрэг бие ба дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулж байна. Үүнийг цаашид улам нарийвчлан судлах шаардлагатай гэж Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Мөн АНУ-ын "Gilead Science" компанийн Ремдесивир эмийг COVID-19 тусаж хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг бууруулж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Уг судалгааг албан ёсоор өнгөрсөн баасан гаригт "New England journal of medicine"сэтгүүлд хэвлүүлсэн байна. Эргэн сануулахад уг тарилгыг хийснээр өвчтөний явцын 15 хоногоос 11 хоног болгон богиносгож байгаа үр дүн гарсан" гэв.