Спортын ертөнц сэргэж эхэллээ

Спортын тэмцээн уралдаанууд цуцлагдсанаар гэртээ хөл хорионд суугаа спорт сонирхогчид нэг төрлийн гэсгээл амсаж байгаа гэж хэлж болно. Тэгвэл гэсгээл шийтгэлийн цаг дуусаж, гэрээсээ цэнхэр дэлгэцээр ч болтугай тэмцээн уралдаанаа үзэн сэтгэлийн цангаагаа тайлах цаг ирж байгаа таатай мэдээг танд дуулгаж байна.

Хөлбөмбөг

Аваргуудын лиг

Хасагдах шатны хариу тоглолтуудыг наймдугаар сарын 7, 8-нд явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш багууд 3-4 хоног тутам тоглож, шигшээ тоглолт наймдугаар сарын 29-нд болохоор төлөвлөжээ. Мөн хугацаа хэмнэх үүднээс шөвгийн наймын шатанд хариу тоглолт хийхгүй байх асуудлыг ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Европа лиг

Шөвгийн 16-гийн “Севилья”-“Рома”, “Интер”-“Хетафе” багийн тоглолт наймдугаар сарын 2-нд, хариу тоглолтууд мөн сарын 6-нд болно. Улмаар “Аваргуудын лиг”-ийн нэгэн адил тоглолтуудыг шахаж, шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 10, 13-нд, хагас шигшээ тоглолт 17, 20-нд, шигшээ тоглолт 27-нд Польшийн Гданьск хотноо болох тов гарчээ.

Английн Премьер лиг 

Санхүүгийн алдагдлаас эмээсэн англичууд энэ улирлыг тоглож дуусгахаар хатуу шийдээд байна. Ингэхийн тулд үлдсэн 9-10 тоглолтыг таван долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ. Гэхдээ эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр байна. Одоогоор зургадугаар сард явуулна гэж яригдаж байгаа ч үүнд эрх баригчдын зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаалах юм.

Испанийн Ла лига

Багууд энэ сарын 4-нөөс бэлтгэлдээ гарч эхэлжээ. Сарын дараа эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Тус улс хорио цээрийн дэглэмээ сулруулж байгаа ч бүх зүйл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалах нь мэдээж.

Италийн Сери А

Италичууд мөн энэ улирлын тоглолтуудаа гүйцээхээр шийдсэн. “Сассуоло” баг бэлтгэлээ эхлүүлнэ гэдгээ хамгийн түрүүнд зарласан бөгөөд гурван талбайд зэрэг, нэг талбайд зургаа хүртэлх тоглогчтойгоор бэлтгэл хийх зарчим баримтална гэдгээ мэдэгдээд буй. Бусад багууд мөн тамирчдадаа ганцаарчилсан бэлтгэл хийх үүрэг өгөөд байна. Энэ сарын 18-наас нэгдсэн бэлтгэлд гарч, зургадугаар сард тоглолтуудыг эхлүүлэхээр яригдаж байна.

Бундес лиг

Лигийн тоглолтуудыг энэ сарын 9-нд эхлүүлэх гэж зүтгэсэн ч 15-нд болгон хойшлуулсан. Улмаар “Кельн” багийн тоглогчид вирусийн халдвар авсан нь тодорхой болсон учир энэ сарын 15-нд эхлэх нь ч худлаа болж байх шиг байна. Лигийн удирдлага тоглолтуудаа эхлүүлэхийг хичээж байгаа ч эцсийн шийдийг эрх баригчид гаргахаар болж байна.

Португалын Примера лиг

Эрх баригчид нь энэ сарын 30-наас эхлүүлж болно гэсэн чиглэл өгсөн. Харин Голландын Eredevisie, Францын Ligue 1-ийг дууссанд тооцсон бол Европын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны зургадугаар сарын 11-нд эхлүүлэхээр товложээ.

Бокс

Европ, Хойд Америкт боксын тэмцээн зохион байгуулах талаар ялгаатай төлөвлөгөө хэрэгжиж байна. “Matchroom Boxing”-ийн Эдди Хирний хэлснээр бол долдугаар сараас боксын тэмцээнүүд эхлэх бололтой. Гэхдээ эрх баригчид хэрхэхийг шийднэ.

Хойд Америкийн “Top Rank” промоушны Боб Арумын хэлснээр бол, зургадугаар сараас үзэгчгүй тэмцээн зохион байгуулж эхлэх боломжтой гэнэ. Энэ асуудлыг улсаас тусгай комисс гарган шалгуулж байгаа юм байна. Зөвшөөрвөл Техас, Калифорни мужид тэмцээнүүд сэргэх хамгийн өндөр магадлалтай. Premier Boxing Champions мөн ирэх долдугаар сараас үзэгчгүйгээр тэмцээнээ явуулахаар ажиллаж байгаа аж

NBA

Комисар Адам Сильвер багууд тоглогчоо бэлтгэлд дуудаж болох хамгийн наад талын хугацааг тавдугаар сарын 8 гэж зарласан. Тэрээр тавдугаар сард эхэлж байж л улирдлыг гүйцээж дуусгах боломж бүрдэнэ гэсэн санааг өмнө нь нэг бус удаа цухалзуулж байв.

Гольф

Мастерсын тэмцээнүүдийг арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулаад байна. “PGA Tour” ирэх сард тэмцээнээ эхлүүлнэ, эхний дөрөв нь үзэгчгүй болно гэжээ. АНУ-ын Техас муж дахь “Colonial Coun- try Club”-ын эзэн Чарльз Шваб мөн ирэх сарын 11-14-нд эхний тэмцээнээ зохионо гэсэн байна. PGA-н дөрвөн том тэмцээний гурав нь цар тахлын улмаас хойшлоод буй. Эдгээр тэмцээнийг есдүгээр сараас явуулахаар яригдаж байна.

Теннис

ATP, WTA холбоо тэмцээнээ долдугаар сарын 13 хүртэл зогсоогоод байгаа. Тухайлбал, Уимблдон цуцлагдсан бол Францын нээлттэй тэмцээнийг есдүгээр сард болж хойшлуулсан. АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 31-нд эхлэх ёстой ч шийдвэрийг зургадугаар сард гаргана гэсэн чигтэй байна.

Формула 1

“Их хурд” ирэх долдугаар сард хөшгөө нээж магадгүй байна. 5-ны өдөр Австрид болох Гран приг цуцална гэсэн шийдвэр гараагүй байгаа. Цаашид ямар нэг саад гарахгүй бол зохион байгуулагчид тэмцээнээ ондоо багтаан үргэлжлүүлж дуусгах бололтой. Ингэхдээ нэг тивд болох тэмцээнүүдээ дараалан зохион байгуулах гэнэ. Энэ төлөвлөгөөрөөр бол есдүгээр сар гэхэд Европын гран принүүдээ дуусгаж, улмаар Ази, Америк тив шилжиж, төгсгөлийг нь Ойрхи Дорнодын Бахрейнд хийхээр төлөвлөжээ.

NFL

Улирлын тоглолтыг тавдугаар сарын 9 хүртэл хойшлуулсан бөгөөд одоор сунгах шийдвэр гараагүй байна. Super Bowl LV 2021 оны хоёрдугаар сарын 7-нд товлогдсон.

Бусад

Олимп нэг жилээр хойшилж 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэхээр болсон. Хөнгөн атлетикийн 2021 оны ДАШТ 2022 онд болж хойшилсон. Энэ оны Лондоны марафон аравдугаар сарын 4-нд болж хойшилсон бол Парист болох байсан хөнгөн атлетикийн ЕАШТ цуцлагджээ.

Дугуйн Тур де Франц, Вуэльта Испани, Жиро д итали зэрэг том уралдаанууд наймдугаар сард болж хойшилсон. Энэ гурван тэмцээн хоорондоо давхцахгүй нь мэдээж тул дугуйн улирал аравдугаар сар хүргэх төлөвтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)