Нэр дэвшигчдийн сурталчилгаа хийх цахим хаягийг нээлттэй зарлана

Хэвлэлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар цахим орчинд, тэр дундаа олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл нь бодит мэдээллээс зургаа дахин хурдан тархдаг байна. Тийм учраас хууль тогтоох байгууллагад төлөөллөө сонгох цаг ойртсон энэ үед иргэд, сонгогчдыг худал мэдээлэлд итгэхгүй, түгээхгүй байхыг салбарын байгууллагуудаас зөвлөж байна.

Хуульд заасны дагуу зургаадугаар сарын 2-ноос 2020 сонгуулийн сурталчилгаа цаг албан ёсоор эхэлнэ. Олон нийтийн байгууллага, судлаачид энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа цахимаар буюу олон нийтийн сүлжээгээр хамгийн их явна гэж үзэж байгаа. Яг ийм үед сонгогчид үндэслэлгүй худал мэдээлэлд итгэж түүнд лайк дарж түгээхгүй байх нь маш чухал асуудал юм. Түүнээс гадна олон нийтийг төөрөгдүүлсэн нэг нэгнээ гутаасан мэдээлэл гаргахгүй байх нь нэр дэвшигчдийн үүрэг. Тиймээс худал мэдээлэл түгээхгүй байгаасай гэж нэр дэвшигчдээсээ хүсэж, бас захих байна. Түүнчлэн өрсөлдөөнийг бүү бохирдуулаасай гэж хэлэх байна.

2020 онд манай улсад 2 үелзэл таарч байна. Нэг нь дэлхийн нийтийг хамарсан цар тахал бол нөгөөх нь 4 жилийн циклтэй сонгуулийн цаг юм. Хуурамч мэдээлэл ямар хор уршигтай талаар нэг жишээ дурдвал, фэйсбүүк чатаар олон нийтэд тарсан дуу хоолой буюу хуурамч войс чат байсан. Цар тахлын тохиолдол анх удаа манай улсад бүртгэгдэхэд нэгэн эмэгтэй хүний хоолой бүхий “Коронавирусийг дотооддоо алдсан” утга бүхий мэдээлэл байсан. Үүнээс болж олон нийтийн дунд багагүй сандрал үүсч байлаа. Эцэст нь цагдаагийн байгууллага үүнийг хуурамч мэдээлэл гэж мэдэгдэж байсан юм.  

Ж.Оюунцэцэг: Иргэд мэдээллийн эх сурвалж, агуулгыг сайтар нягтлах ёстой

Хэвлэлийн хүрээлэнгийн менежер Ж.Оюунцэцэг “Хуурамч мэдээлэл санаатай гэхээсээ илүүтэй санамсаргүй байдлаар тарах нь бий. Жишээ нь ямарваа нэгэн мэдээллийн гарчгийг заавал гуйвуулж өгөх, эсвэл хошин байдлаар хүмүүсийн зургийг засварлан постер хэлбэрээр мэдээлэл тавих зэрэг нь хуурамч мэдээллийг тарааж байгаа хэлбэр. Мөн ботт, тролл гэдэг ойлголтууд гарч ирсэн. Ботт гэдэг нь компьютерын программын ашиглан хуурамч мэдээлэл цааш түгээх, тролл гэдэг нь илүүтэй тэрхүү хуурамч мэдээлэл дээр зохион байгуулалттай хүн ажиллаж түгээх зэрэг байдаг:                       

Хуурамч мэдээллийг түгээх арга технологи улам бүр боловсронгуй болж байна. Үүний хор уршиг маш их учраас анхаарал хандуулж ямар мэдээлэлд итгэх, эх сурвалж ямар байх зэргийг нягтлах боловсрол хамгийн чухал гэдгийг ЮНЕСКО мэдэгдэж байна.

ЮНЕСКО: Олон нийтэд цахим хэрэглээтэй холбоотой боловсрол олгох нь хамгийн чухал

ЮНЕСКО-гийн Монгол дахь комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга  “Иргэд зөв мэдээллийг дамжуулах, ялангуяа хаанаас энэ мэдээлэл ирэн хэн энэ мэдээллийг түгээж байгаа гэдгийг нягтлах шаардлагатай.  Энэ нь эргээд боловсролын асуудал руу ордог. Хүн бүр боловсролтой байж мэдээллээ нягтлан бусадтайгаа хуваалцах уу гэдгээ бодож эргэцүүлсний үндсэн дээр бусдад түгээх ёстой.                    

Дараагийн асуудал бол сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа. Сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд сурталчилгээтай холбоотой бүлэг заалт орсон. Нэр дэвшигчийн хувьд өөрийн нэр дээх вэб сайт, олон нийтийн сүлжээний хуудас, бусад цахим хуудас гэсэн 3 сувгаар сурталчилгаагаа хийж болно. Үүнийг нэр дэвших үнэмлэх гардан авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Түүний дараа СЕХ, ХХЗХ цахим хуудсаараа дамжуулан албан ёсны хаягуудыг зарлах юм. Тэгэхээр зарлагдсан тэдгээр хуудсаар түгээж байгаа мэдээллийг иргэд албан ёсны гэж ойлгож болно. Гэхдээ албан ёсны хуудсаараа нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа хийх хориотой юм.  

Нэр дэвшигчид сурталчилгаа хийх цахим хаягуудаа нэр дэвшигчийн үнэмлэх авснаас 3 хоногийн дотор бүртгүүлнэ

ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд “Хэрвээ сонгуулийн хууль зөрчин хуурамч хаяг үүсгэн нэр дэвшигчийн талаарх хуурамч, хууль зөрчсөн мэдээлэл тараавал бид эрх бүхий байгууллагын холбогдох дүгнэлтийн дагуу тухайн мэдээллийг устгах тухайн хаягийг сонгуулийн хугацаа дуустал түр хязгаарлах арга хэмжээг фейсбүүкийнхэнтэй хамтраад аваад явна.              

СЕХ-ны хэлтсийн дарга Б.Оюумаа “Зөрчилтэй холбоотой асуудалд цагдаагийн байгууллага хяналт тавих ёстой. Иргэд манайх руу хууль бус сурталчилгаа явж байна гэж их хандаж байна. Тэр мэдээллийг цагдаагийн байгууллагад баримттайгаар нотлох ёстой. Тухайн гомдлыг цагдаа шалган холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.                               

Хүлээлгэх хариуцлагын тухайд мөн хууль бус, худал мэдээлэл тараавал Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 5 саяас дээш, хуулийн этгээдийг 20 саяас дээш хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.