Хөл хориотой холбоотойгоор цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 136 мянган цусны донор бүртгэлтэй байна

Цус цуглуулалтыг хэвийн хэмжээнд байлгах, хүрэлцэхүйц хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хүндрэл тулгарч эхлээд байна. Манай улсын хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа өгөх иргэдийн 40-50 хувийг оюутан залуус эзэлдэг байна.  Хөл хорио болон их, дээд сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор явуулын хэлбэрийн цус цуглуулалт Улаанбаатар хотын  хэмжээнд 40 хувиар буурчээ.

Он гарсаар цус сэлбэлт судлалын Үндэсний төв улсын хэмжээнд цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар нийт 8600 орчим нэгж цус, цусны бүрэлдэхүүн цуглуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр “Дэлхий дахинд коронавирусийн цар тахал гарсантай холбоотой улс орнуудын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгож байна. Үүнээс нэг гол онцлох салбар бол манай цусны алба байна. Цус цусан бүтээгдэхүүн хэрэглэдэг өвчлөлүүд түүн дотроо цусны нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүн буюу ялтас эдийн бүтээгдэхүүний захиалга сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр 40 дахин нэмэгдсэн. Нэгэнт бид нөөц үүсгэж чадахгүй учраас ажлын өдрүүдэд цуглуулж байж эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хангах боломжтой болдог.

Өнгөрсөн жилүүдэд коронавирустэй холбоогүйгээр 7, 8 дугаар сард цусны нөөц бүлгийн хамааралтай буурах хандлагатай байдаг байсан. Гэтэл энэ жил коронавирусийн халдвар тархсан учраас цусны нөөц илүү буурах нөхцөл үүсгээд байгаа. 7, 8 дугаар сард бид яаж ажиллах талаараа төлөвлөгөөгөө гаргаж байна. Сүүлийн үед техноологийн шийдлүүд шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэг хүнээс зургаан хүнээс цус авсантай тэнцэх бүтээгдэхүүнүүдийг бий болгох технологийг шийдсэн. Үүн дээр ажиллаж байна” гэв. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цусны эрэлт хэрэгцээ 8 хувиар өсжээ. Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэгцээ ч жил бүр нэмэгдэж байгаа юм. Өдөрт 100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг байна. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 136 мянган цусны донор бүртгэлтэй байна. Тус төвөөс бүртгэлтэй иргэд рүү холбогдон, цусаа хандивлахыг уриалж эхэлжээ. Мөн цусны донорын хувьд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тодорхой мэдээллийг түгээж байгаа байна.