Тамхины эсрэг хуулийн тэрслүү заалтууд

Халдварт бус өвчин, зүрх судас, уушгины өвчлөлийн гол шалтгааны нэг тамхины хэрэглээг хууль гаргаад ч хязгаарлаж дийлсэнгүй. Цайны газар, паб, ресторанд орох зуурт тамхины үнэр үс, хувцсанд нэвт шингэдэг үе ард хоцорсон ч олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгийн орчны тамхидалт хийгээд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг хориглож дийлэхгүй байна. Үүнийг нотлох тоо баримтаас цөөнийг дурдъя.

Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг буюу 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Хүйсээр авч үзвэл эрчүүдийн 50 орчим, эмэгтэйчүүдийн тав хувь нь тамхи татдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ улам бүр залуужиж 13-15 насны хүүхдүүдийн 15 орчим хувь энэ хорыг хэрэглэдэг гэсэн харамсалтай тоон судалгаа гарчээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн тамхи татдаг сурагчдын дийлэнх буюу 50 гаруй хувь нь тамхины ямар нэгэн хамааралтайг тогтоосон байна. Тамхины хор хүнд тэр дундаа хүүхэд багачуудад асар их хөнөөлтэй нь дэлхийд жил бүр 165 мянган хүүхэд тамхинаас үүдэлтэй амьсгалын доод замын үрэвсэлт өвчний улмаас нас барж байгаагаас мэдэгдэнэ. Тиймээс улс орнууд тамхины хор хөнөөлийн эсрэг кампанит ажил өрнүүлж, тамхины хэрэглээг бууруулж байна.

Харин манай улс энэ хортой дорвитой тэмцэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тамхины эсрэг хууль баталсан ч хэрэгжүүлэхгүй, хяналт тавихгүй, харин ч хуульд нийлүүлэлтийг нь дэмжсэн тэрслүү заалт оруулж, төр засгийнхан. Ард иргэд ч өөрийгөө болон өрөөлийг эрүүл мэндээр нь хохироож буйгаа ухамсарлахгүй, ойлгохгүй, байх л зүйл шиг хандсаар хэдэн үеэ өнгөрөөлөө. Тэдэнд тамхины хор хөнөөлийг ухуулан таниулах ажил улс даяар хоцрогдолтой байна. Хамгийн гол нь улс орнуудын түгээмэл ашигладаг тамхины онцгой албан татварыг нэмж, хэрэглээг нь бууруулах зэрэг жишиг аргыг ч ашигласангүй. Харамсалтай нь, үүнд тамхи импортлогчид, үйлдвэрлэгчдийн нөлөө ч их байдгийг салбарынхан онцолж буй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Тамхины утаанд 4400 гаруй химийн бодис, үүнээс 66 нь хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг болох нь тодорхой болсон. Хэдийгээр утаа үл үзэгдэх, үнэргүй боловч тамхины утаатай орчинд таван цаг байхад л уушгины үйл ажиллагаа доголдож, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин үүсэх эрсдэлтэй. Тамхи нь хүний хөгжил, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж, олон арван хорт хавдар бусад өвчлөлийн шалтгаан болж, эрүүл мэндийн эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг. Энэ хорт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчидтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд 2005 оноос эхлэн хүчтэй тэмцэл явуулж 2017 оны байдлаар 181 орон энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. Монгол Улс 2004 онд Тамхины эсрэг суурь конвенцод нэгдэн орсон бөгөөд тус конвенцод нэгдсэн зургаа дахь улс болсон. Гэхдээ тамхи үйлдвэрлэгчдийн олон жилийн мөнгөний ашиг, сонирхлыг хөндсөн сөрөг ухуулга нөлөөлөл их хийгддэг. Тэмцэхэд маш их хүчин чармайлт гаргах асуудал болсон. Үүнд төр засгийн байгууллагуудын нэгдмэл, тасралтгүй бодлого үйл ажиллагаа шаардагдаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Тамхины хяналтын хууль сайн хууль болсон гэж ойлгож байгаа. Бар, ресторан бусад газар тамхи татахгүй болсон нь сайн дэвшил. Гэхдээ сургууль, дотуур байрнаас 500 метр дотор тамхи худалдаалахыг хориглосон заалт үнэндээ хэрэгжихгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 1250 дэлгүүр бий. 800 гаруй дэлгүүрийг радиусаар нь тооцвол бүгд сургуультай ойрхон. Энэ 800 дэлгүүр татвараа төлөөд тамхиа худалдаалдаг байтал хууль гарснаас болоод татвараа төлөхөө больсон. Хууль бусаар тамхи борлуулж, цагдаа нарт авлига өгдөг болсон. Мэргэжлийн хяналтын байцаагч нар мөнгө авдаг болсон нь үнэн. Ингээд төрийг авлигад бүрэн автуулж байгаа. Албаныхан тоон мэдээлэл харахаас өөрөөр хуулийг хэрэгжүүлэх талаас нь анхаарахгүй байна.

Хуулиар дэмжсэн тамхины хэрэглээ

Манайд тамхины хэрэглээ буурахгүй байгаа шалтгааныг тамхины үнэ хийгээд нийлүүлэлттэй холбон тайлбарладаг. Харин үнэ хямд, хүртээмж их байгаа нь тамхины импортод тавьдаг онцгой албан татвар бага байгаатай холбоотой. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины онцгой албан татварын жижиглэнгийн үнийг 70 хувь байхаар тогтоосон. Гэтэл манай улсын хувьд 33 хувьтай байгаа нь дэлхийн жишгээс даруй хоёр дахин бага үзүүлэлт юм.

Тамхины онцгой албан татварыг өндөр тогтоосноор тамхины хэрэглээг бууруулж чадсан улсын жишээ хийгээд судалгаа олон бий. Тухайлбал, татвар нэмж, үнийг 10 хувь нэмэгдүүлэхэд тамхины хэрэглээ нь хөгжингүй орнуудад дөрвөн хувь, хөгжиж буй орнуудад таван хувиар буурчээ.

Гэтэл манай улс тамхины хэрэглээг хуулиараа дэмжиж, үйлдвэрлэгчдийг тойглосоор байна. Үүнд тэрслүү гэж тодотгосон хоёр хуулийн хоёр заалт хамаатай. Нэг нь Тамхины хяналтын тухай хуулийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно” гэсэн заалт. Энэ нь тамхи импортлогчдыг дэмжиж, нийлүүлэлт хийхэд түлхэц болж байгаа.

Нөгөө нь 2015 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварыг ам.доллароор авдаг байсныг болиулж төгрөг болгосон нь үйлдвэрлэгчдэд ихээхэн ашиг болж буй. Өөрөөр хэлбэл, энэ нь ханшийн өсөлт татварт нөлөөлөхгүй болж, татварын орлого үйлдвэрлэгчийн ашиг болж буй. Үндсэндээ энэ хоёр заалт тамхины хэрэглээг дэмжиж, нийлүүлэлтийг исэхгэж байгаа юм. Тиймээс энэ хоёр заалтыг эргэж харахыг албаныханд онцгойлон захья. Онцгой албан татварыг нэмж, ам.долларын ханшаар тооцох нь ирээдүйд олон мянган иргэнийг эндэхээс хамгаална. НҮБ-ын шинжээчид Монголд ирж ажиллахдаа тамхины татварыг 50 хувиар нэмэгдүүлснээр улсын төсөвт 190.7 тэрбум төгрөгийн орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолсныг сануулахад илүүдэхгүй биз.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа

ДЭМБ-аас онцгой албан татварыг 70 хувьд хүргэснээр худалдан авалтад нөлөөлж, улмаар тамхидалтыг бууруулна гэж үздэг. Энэ жишгээр үе шаттайгаар нэмэгдүүлж 2022 он гэхэд 70 хувьд хүргэх шаардлагатай байна. Ийм байдлаар тамхины онцгой албан татварыг нэг жилийн хугацаанд үр дүн гарахуйц байдлаар хурдацтай нэмж 70 хувьд хүргэх нь тамхины хэрэглээг бууруулах хамгийн том хөшүүрэг буюу үр дүнтэй арга юм. Үүнээс гадна зажилдаг, уусдаг, усан, электрон зэрэг зарим төрлийн тамхинд онцгой албан татвар ногдуулах эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгох нь зүйтэй. Мөн онцгой албан татварыг ам.долларын ханшаар тооцохгүй байгаа нь асуудал болж байгаа.

Хууль тогтоогчид тамхины нийлүүлэлтийг багасгахыг хүсдэггүй

Төр засгийнхан, хууль тогтоогчид энэ хортой тэмцэх ажилд төдийлөн анхаарахгүй байгааг дахин дахин нурших нь цаанаа учиртай. Уг нь 2005 онд баталж, 2012, 2015 онд “засвар хийсэн” Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төсөл УИХ-д хадгалагдаж байгаа. Агуулгыг нь сөхвөл 2017 онд гишүүдийн өргөн барьсан төсөлд татварыг 100 хувь болгох санал тусгасан. Харин өнгөрсөн онд өргөн барьсан төсөлд импортлох журам батлах, тухайн жилд импортлох төрөл, тоо хэмжээг тогтоохоор заасан юм.

Гэсэн ч бүрэн эрхийн хугацаа нь нэг чуулганаар хэмжигдэж буй УИХ энэ хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар сураг чимээ огт гарсангүй.

Тамхи нь хор, тамхичин нь өвчтөн

Өсвөр насныхан үеийнхэндээ том харагдах гэж, сонирхлоо дарж чадахгүй, нэгэндээ уруу татагдсаар тамхинд донтож байна. Идэр, ахимаг насныхан нь 10, 20 жил татаж байгаа учраас одоо гарахаасаа өнгөрсөн гэсэн хандлагаар өөрийгөө болоод үр хүүхэд, ойр тойрныхныгоо хорт утаагаар өвчлүүлсээр байна. Тэгвэл тамхи татахыг олон улсын өвчний ангилалд F-17 сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг аж. Энэ нь тамхи стресс тайлах, тансаг хэрэглээтэй болох эсвэл үе тэнгийнхэндээ илүүрхэх гэж хэрэглэдэг арга хэрэгсэл биш гэдгийг харуулж байгаа юм. Бага, өсвөр насныхан тамхины хамааралтай болж, үүнээс үүдэлтэй өвчлөлийн нас баралт нэмэгдэж байгаа нь тамхины үнэ хямд, хүртээмж их байгаатай холбоотойг дахин сануулахад илүүдэх юун. Энэ нь тамхины татварыг нэмэхийг нэхэн сануулахын учир билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)