Улаанбаатарын хүмүүс: Дундаж цалин авч цаг наргүй ажилласнаас хүүхдүүдээ өөрөө өсгөх нь чухал гэж боддог

Н.Оюунгэрэл (31 настай ) гурван хүү, хоёр охины ээж

Энэ удаа бид “Улаанбаатарын хүмүүс” буландаа ээж хэмээх эрхэм алдрын эздийг урилаа.

...Би Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр 2010 онд төгссөн. Том ихрүүд болох Д.Азхийморь, Д.Одхийморь хоёроо гэдсэндээ тээж буйгаа мэдэхэд би 21 настай, оюутан, өөрөө ч хүүхдээрээ байлаа. Багшаасаа айгаад л хэлж чадахгүй байсаар шалгалт дөхөх үед хэлж, зуны амралт болсон. Анхны хүүхдээ ихэр гэдгийг нь мэдээд яагаад ч юм ээждээ хэлж чадахгүй их айсан. Анхны ихрүүд маань хоёр ихэр хүү гэдгийг мэдээд ээж маань их баярлаж билээ. Хүүхдийнхээ хүйсийг мэдэхэд ганцаараа байсан учир нөхөртөө утсаар залгаж хэлсэн. Нөхөр маань эхэндээ итгэхгүй, дараа нь тайвшраад маш их баярласан. Анх ээж болох мэдрэмж маш сонин. Дөнгөж төрсний дараа хүүхдийг минь гэдсэн дээр тавих мөчид намайг тээж төрүүлсэн ээжийгээ маш их бодож, өрөвдөж, хайрладаг юм билээ. Өөрөө ээж болж л ээжийгээ ойлгох шиг болсон. 2013 оны гуравдугаар сарын 8-нд дунд охин Д.Гэрэлгэгээ маань төрсөн. Том ихрүүд маань охин дүүдээ маш их хайртай. 2019 онд дахиад жирэмсэн болсноо мэдсэн. Эход харуулахад бас л ганцаараа явж таарсан. Уг нь нөхөр, охин хоёртойгоо явах байсан юм л даа. Эмч маань үзэж байгаад ихэр байна гэж хэлсэн. Би гайхаад эмчийн хэлснийг сонсоод шууд уйлчихсан. Тэгээд дахиад л нөхөр рүүгээ залгаж хэлж байсан. Бага ихрүүд маань хүү, охин. Д.Гүнтэнгэр, Д.Гоотэнгэр хоёр одоо дөрвөн сартай. Бага ихрүүдээ тээж байхдаа хүү, охин байвал сайхан даа гэж ярьдаг байсан маань яг л биелсэн. Хүүхдүүдээ бид бурхны бэлэг гэж боддог. Нөхөр бид хоёр хоёулаа ихрийн удамтай. Манай ээжийн эмээ ихэр байсан. Нөхрийн талд айл болгон ихэр хүүхэдтэй. Би эхээс хоёулаа. Нэг охин дүүтэй. Багаасаа л эцэг, эхийн хайранд бялхаж өссөн болохоор том болоод өнөр өтгөн гэр бүлтэй болно доо гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл минь одоо биелэсэн санагддаг. Тиймээс урлагийн сургууль төгссөн ч амьдралын зорилго маань сайн ээж, гэрийн эзэгтэй болох байсан.

Эмэгтэй хүн ээж болоход амьдрал тэр чигтээ өөрчлөгддөг. Сонирхол, мөрөөдөл, хобби гээд л бүгд. Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал эх хүн болсон цагаас эхэлдэг мэт санагдсан. Буцаах боломжгүй, алдах эрхгүй тийм үүрэг, хариуцлага эх хүнд ирдэг. Манай гэр бүл ер нь цөөхүүлээ байж үзээгүй. Одоо долоон гишүүнтэй өнөр айл. Хүүхэд өсөх тусам гэр бүлийн харилцаа улам эерэг, халуун дотно, ээж аавын хувьд ч илүү хариуцлагатай болдог юм билээ. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ эрдэм мэдлэгтэй, ухаантай, боловсролтой болгохын тулд хүчилдэггүй. Харин нэгнээ хүндэлдэг, хариуцлагатай, хувь хүний хүмүүжилтэй байх талаас нь хүүхдүүддээ илүү анхаардаг. Бид өөрсдийгөө бодоод үзэхэд хамгийн ихдээ 20 гаруй жил л аав, ээжтэйгээ хамт байж, хайр энэрэлд нь хүмүүждэг. Тэр богинохон хугацаанд үр хүүхдүүд маань өөрсдөө юу хийхийг хүсэж байгааг нь дэмжиж, амьдралыг нь чиглүүлж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоосой гэж хүсдэг. Хүүхэд бүр аав, ээжтэйгээ байх энэ богинохон хугацааг хайр дүүрэн, дурсамжтай өнгөрүүлээсэй. Хүүхдүүддээ гэнэтийн бэлэг бариад, тэдний аз жаргалтай байхыг харвал нөхөр бид хоёр ч аз жаргалтай болчихдог.

Ээж хүний хамгийн том үүрэг бол хүүхдээ эрүүл саруул, хайр халамжаар дутаалгүй, аюулгүй байдалд өсгөх нь дундаж цалин аваад, цаг наргүй явснаас хамаагүй чухал ажил гэж боддог. Эрт хүүхэдтэй боллоо гээд хожино уу гэхээс, алдах зүйл байхгүй. Энэ бол хувь хүний л сонголт. Түүндээ сэтгэл зүйн хувьд бат зогсох хэрэгтэй санагддаг. Ээж хүн сэтгэл зүйн хүчтэй дархлаатай байх ёстой. Гэр бүлийн уур амьсгал ээжийн сэтгэл зүйтэй шууд хамааралтай. Тиймээс ч олон хүүхэд төрүүлж, өсгөж байгаагаа өөрийн хувьд хаанаас ч олж авч чадахгүй туршлага гэж үзэн “Нийгмийн ажилтан” гэх мэргэжлийн сонгож, дахин суралцах гэж байгаа.Хүн сурахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Uhaalag huurhun ger buld Bayariin mend hurgej Az jargal husen eruue.

    0 0 Хариу бичих
  2. Kkkk nadtai adilhan bodoltoi Hun bas baidag l yum bn.Bi bas tegj bodood ajilgui gertee huuhdee hardag.Uchir ni ene tend ajild orohoor hol, bas tsalin ni unaa hoolnoosoo ch iluu bardaggui shuu Dee.Getel huuhduudteigee ongorooh hamgiin Az jargaltai mochuudiig aldaj, hamgiin chuhal ni bagaas ni zov amidraliin Uhaan zaaj surgah ni ireeduid zov Hun bolohod eej hamt baih zailshgui chuhal.Manaid ene aldagdsanaas eej aavtai mortloo ezengui osson huuhduud ih bgagaas huuhed Eruul mendeeree hohirch bn.Ireeduid zov etseg eh bolj chadku bn.Ingeed l ongorson hoino ni amaa baridag.

    2 0 Хариу бичих
  3. Аргагүйн эрхэнд цаг наргүй ажил хийдэг үнэхээр хүүхдүүд хаягддаг. Заримдаа ч манай улс арай л дэндүү хүүхдүүдийн төлөө чиглэсэн бодлого байдаггүй гомдмоор байдаг

    6 0 Хариу бичих
  4. Үнэн шүү, мөнгөөр хэмжих аргагүй ажил хүнд зөндөө бий. Ажилгүйчүүд ажил хийх дургүй биш, цалин болон бусад зүйлийг дэнслээд үзэхээр ажилд орохгүй байсан нь дээр бдг байх.

    10 0 Хариу бичих