Улаанбаатарын хүмүүс: Гурван том хүүхэд маань тэтгэвэрт гарчихсан. Дөрөв дэх нь удахгүй гарна

Г.Даваа (85 настай) дөрвөн хүү, зургаан охины ээж

Энэ удаа бид “Улаанбаатарын хүмүүс” буландаа ээж хэмээх эрхэм алдрын эздийг урилаа.

...Би Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Улаанбаатар хотод ууган хүүгээ төрүүлсний дараа буюу 1962 онд ирж, суурьшаад одоог хүртэл амьдарч байна. 24 настайдаа ээж болж байлаа. Одоо том хүү маань 61 настай. Түүнээс хойш 4 хүү, 6 охин нийтдээ 10 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Хамгийн том маань ой, долоон сартай байхад хоёр дахь хүүхдээ гаргасан. Ер нь хүүхдүүд маань нэг, нэг насны зөрүүтэй, ойрхон төрсөн. Би худалдааны салбарт 40 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан. Өвгөн маань цэргийн хүн байсан учир томилогдсон газар бүрт нь дагаж суурьшиж ажилладаг байлаа. Улаан хуаран, Түнхэл, Амгалан, Шувуун фабрик гээд яваагүй газар цөөхөн. Хүүхдүүд том болж, сургуульд орох насан дээр ирэхэд харин жаахан хэцүү. Хүүхдүүдийн сурдаг сургууль, анги, багш нар ойр, ойрхон солигдоно. Түүнийг ойлгосон нөхөр маань цэргийн ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тэр цагаас хойш бид гэр бүлээрээ Шувуун фабрикт 30 гаруй жил ажиллаж, амьдарсан. Үндсэндээ худалдааны салбарт 1970-1992 он хүртэл ажилласан. 1989 онд тэтгэвэрт гарсан ч өөрийгөө гололгүй дэлгүүрт худалдааны ажлаа хийсээр л байлаа. Олон хүүхэд төрүүлэхийг би ердөө хэцүү гэж бодоогүй. Тэр үед төдөн хүүхэдтэй болно гэж бодож төсөөлдөггүй байлаа. Нийгэмд ч тийм ойлголт суугаагүй байсан хэрэг л дээ. Хүүхэд маань эсэн мэнд төрж л байвал гаргаад л байя гэж боддог байв. Тээж, төрүүлсэн хүүхдээ хүн шиг хүн болгож өсгөх, мэдлэг, боловсролтой иргэн болгоно гэдэг л хамгийн чухал байсан. Тиймээс ч хүүхдийн тоон дээр нэг их анхаарал хандуулдаггүй. Харин орчин үед залуус олон хүүхэдтэй болохоос зайлсхийдэг болсон байна. Дөрвөн хүүхэд төрүүлэх нь ихдээ ордог цаг болжээ.

Одоо бол гурван том хүүхэд маань тэтгэвэрт гарчихсан. Дөрөв дэх нь удахгүй гарах гэж байна. Ач, зээ нийлээд 80 гаруй болжээ. Баяр наадмаар ёстой л өнөр өтгөн баярладаг даа. Бүх хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлсэн. Манай хүүхдүүдийн ихэнх нь цахилгааны мэргэжилтэй. Айлуудыг гэрэлтүүлж, гудамж талбай, хотыг маань бүхэлд нь гэрэл гэгээтэй байлгадаг учир хүүхдүүдийнхээ эзэмшсэн мэргэжилд их хайртай. Орчин үеийн залуус дуртай зүйлээ идэж, хүссэн бүхнээ хийх боломжтой үед амьдарч байгааг харах сайхан байдаг. Хүмүүс эх орноо хөгжихгүй байна гэж ярьдаг ч надад бол тун боломжийн хөгжиж яваа санагддаг. Намайг 50 гаруй жилийн өмнө Улаанбаатарт анх удаа ирэх үед хот маань ийм байгаагүй шүү дээ. Одоо харин их өөрчлөгдсөн.

85 насыг зооглож байгаа ч бие эрүүл, ануухан байдаг минь олон, хүүхэд төрүүлж өсгөсний, төр алдарт эхийн нэг, хоёрдугаар одонг хүртээж, буян хишгээ үргэлж хайрлаж байдгийн ач гэж боддог.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Танд болон танай гэр бүл, үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэе. "Хүмүүс эх орноо хөгжихгүй байна гэж ярьдаг ч надад бол тун боломжийн хөгжиж яваа санагддаг" үнэн яриж байна. Бид ямар их боломж, эрх чөлөөнд байгаагаа хором бүр санаж, хүн бүр өөрийн сонирхол, хүсэл тэмүүлэлээр жигүүрлэн хүрэхгүй газар дэлхий дээр байхгүй байгаа...

    0 0 Хариу бичих