Олимпыг COVID-19-ийг ялан дийлсэн баяр болгон хийх саналыг Япон гаргажээ

“Токио-2020” зуны Олимп, Паралимпийн тоглолтыг Япон Улс энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар бэлдэж байсан боловч дэлхий дахинаа тархаад буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын улмаас  хойшлуулахаар болоод буй.

Япон Улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпын Хороо 3 талт уулзалтыг хийж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд, Паралимпийн тоглолтыг 8 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Зуны Олимпын наадмын түүхэнд өмнө нь 5 удаа цуцлагдсан тохиолдол байсан боловч хойшлогдсон нь анх удаагаа юм.  

Япон Улс 56 жилийн дараа Олимпын тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан боловч шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалж,  бүр мөсөн цуцлагдах магадлалтай гэдгийг Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн.

Япон Улсын хувьд улс даяар зарласан “Онц байдал”-ыг 49 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 25-ны өдөр бүрэн цуцалж, царцсан эдийн засгийг сэргээх ажилд орсон байна. Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах Олимпын наадмыг хүн төрөлхтөн коронавирусын цар тахлыг ялан дийлсэн баярын наадам хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн. Мөн тэрээр Олимпын наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатайг онцолж, Япон Улс тус чиглэлд идэвхитэй ажиллаж байгааг мэдэгдсэн.

 Олимпын тоглолт хойшлогдсонтой холбоотойгоор нэмэлтээр 20-60 тэрбум ам.долларын төсвийн санхүүжилтийг тус улс шийдвэрлэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)