Өдөр бүрийг ТАМХИГҮЙ

Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна. Тамхинаас шалтгаалсан нас баралтын долоон сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдэлтэй бол 1.2 сая орчим хүн тамхи татдаггүй атал дам тамхидалтын нөлөөгөөр амь насаа алддаг байна.

2018 онд дэлхий даяар тэрбум гаруй эрчүүд тамхи татдаг гэсэн судалгаа гарч байжээ. Энэ нь 2000 оныхоос 40 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Харин өнгөрсөн жил анх удаа тамхины хэрэглээ буурсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолж байна. Үр дүнд нь 2020 онд дор хаяж хоёр сая, 2025 он гэхэд таван сая хүн тамхинаас бүрэн гарна гэж ДЭМБ тооцоолжээ. Ийнхүү тамхины хэрэглээ буурч эхэлсэн нь хяналтын арга хэмжээ үр дүнтэй холбоотой. Тухайлбал, татварын хяналт, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон заалтууд болон хүүхдүүдийг тамхины хор хөнөөлд өртөхөөс сэргийлэх тухай бусад хууль тогтоомжууд үүнд чухал нөлөө үзүүлсэн. Хэдийгээр эерэг хандлага ажиглагдаж байгаа ч санаа зовох асуудал олон бий. Жил бүр найман сая гаруй хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байгаа нь үүний жишээ.

Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчин аюулын харанга дэлдэхэд хүргэжээ. 

Тамхи ба хүүхдүүд 

2018 онд ойролцоогоор 43 сая хүүхэд тамхи хэрэглэж байжээ. Тамхи хэрэглэдэг хүүхдүүд 13-15 насныхан бөгөөд 14 сая нь охид, 29 сая нь хөвгүүд байсан аж. 

Тамхи ба эмэгтэйчүүд 

2018 онд дэлхий даяар тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүдийн тоо 244 сая байв. 2025 он гэхэд энэ тоог 32 саяар цөөрүүлэх зорилтыг ДЭМБ-аас дэвшүүлжээ. Эдийн засгийн  хувьд сул, бага, дунд орлоготой орны эмэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ өндөр байгаа бөгөөд Европ тив эмэгтэйчүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр хамгийн удаан ахиц гаргаж байгаа бүс нутаг ажээ.

Азийн чиг хандлага

ДЭМБ-ын мэдээгээр Зүүн өмнөд Азийн бүсэд тамхины хэрэглээ хамгийн өндөр буюу 15 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 45 хувь нь тамхичид байгаа аж. Гэвч Европ, Номхон далайн баруун бүс нутагт ажиглагдсантай ижил энэ бүс нутагт тамхины хэрэглээ буурах төлөвтэй байгаа гэнэ. Харин Номхон далайн баруун бүс түүний дотор БНХАУ-ын хувь эрэгтэйчүүдийн дундах тамхины хэрэглээ хамгийн өндөр бүс болох Зүүн өмнөд Азийг гүйцэхээр байгаа аж.

Америк дахь чиг хандлага 

Америкийн таван орон 2030 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувь бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэ нь ДЭМБ-ын зургаан бүсийн хамгийн сайн санаачилга, гүйцэтгэл бүхий ажил гэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)