Хөл хорион дахь Хүүхдийн баяр

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг энэ өдрийг манай улс 1952 оноос Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. 

Энэ жил цар тахлын улмаас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж тохиож байна гэж эерэг байдлаар харж болох юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчинг нэмэгдүүлэх  чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байгаагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хэлж байна. Тус газраас цар тахлын үед хүүхэд хамгааллын зураглалыг гаргаж, түргэвчилсэн үнэлгээг 109.000 орчим гэр бүлд хийжээ. Эдгээр өрхөд 200 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Улмаар 109.991 өрхийн 19 хувь буюу 20.0 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувьд буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна.

Эрсдэл өндөртэй 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна.  “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны 04 сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд “COVID-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэлээ.

Нөгөөтэйгүүр Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эрх нь үүсэж байдаг. Монгол хүүхэд бүр агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй газар эсэн мэнд өсөж бойжиж, гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдлэх ёстой. 

Хүүхэд бүр зөв амьдралын утга учрыг ойлгон ухаарч зөв хандлага зан зүйлтэй, эрч тэмүүлэлтэй, өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвших учиртай. Үүний тулд эцэг эхийн хайр халамж, багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэг туслалцаа, чиглүүлэн жолоодох арга ухаан маш чухал. Хүний хөгжлийн анхдагч орчин болсон гэр бүлийн боловсрол, гэр бүлийн үнэт зүйл чухал гэдгийг нийгмээрээ ухааран сэхээрч, ирээдүйн болсон үрсээ хайраар тэтгээрэй.

Улсын үндэс, удмын хэлхээ болсон хүүхэд бүхэн эрх зүйн зөв соёл хүмүүжилтэй, инээд хөөрөөр дүүрэн, элэг бүтэн, хүсэл тэнүүн, сэтгэл амгалан жаргалтай амьдрах болтугай. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)