Д.Нямхүү: Цэргийн сургуулийн 6 оюутнаас давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 259 мянган хүн өвчилж, 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 128 мянган хүн шинээр халдвар авчээ.

Манай улсад өчигдөр дөрвөн хүн шинээр ажиглалтад орсон бол 39 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, иргэдээс коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан.

Ихэнх дуудлага нь амралтын газруудад амны хаалт зүүхгүй байгааг анхааруулсан байна.

Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг зайлшгүй дагах хэрэгтэй байна” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй. Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм.

18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо.

Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна.

Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэв.