Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд С.Чинзориг сайд танилцууллаа.

Тэрбээр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хүүхэд багачуудтай холбоотой хоёр чухал шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1978 онд Олон улсын Найрамдал зуслан байгуулагдсан. Үүнээс хойш олон улсын хүүхэд багачууд уг зусланд амарч Монголын түүх соёл, зан заншилтай танилцсаар ирсэн.

Үүнийг Монгол Улсыг гадаадад сурталчилж таниулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэж үздэг.

Тиймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Олон улсын Найрамдал-2 зусланг ерөнхий сайдыг өгсөн чиглэлийн дагуу Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газар байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү зуслан нь нийт 500 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай байхаар баригдана. Энэ нь манай улсын соёл уламжлалыг дэлхий нийтэд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнээс гадна хүүхэд, багачууд Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газар амарч, алжаалаа тайлах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор газрынх нь асуудлыг судалж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдад даалгасан бол шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, зураг төслийг хийлгэж 2021 оны улсын төсөвт тусгаж, ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.

Хоёрдугаарт, Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой тогтоолын Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.

COVID-19 цар тахлын дэгдэлтийн үед Засгийн газраас иргэдийнхээ амь насыг хамгаалах асуудлыг тэргүүнд ээлжид тавьж, арга хэмжээ авч буй. Тэр дундаа гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчирч байгаа.

Энэтхэг улсад манай улсын 357 монгол ламхай нар сурч байгаагаас 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна.

Монголын хүүхдүүд суралцаж буй Гомон дацан хийдээс зургаахан километрийн зайтай Төвдөд коронавирусийн хоёр тохиолдол илэрсэн мэдээлэл байна.

Тиймээс тэр хүнд бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийг богино хугацаанд, яаралтай тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэр гаргалаа.

Тэднийг ирээд тусгаарлалтын байранд 21 хоног тусгаарлах ёстой бөгөөд ингэхэд нэг хүүхдэд 1,050,000 төгрөг зарцуулагдана.

Ингээд тэдний тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ.

Харин тэднийг авчрахтай холбоотой унааны зардлыг эцэг, эхчүүд нь болоод Гандан хийд, НҮБ-ын хүүхдийн сан, Энэтхэг улсын Гомон дацан зэрэг тал, талаасаа нийлүүлж гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх хоёр шийдвэр нь Засгийн газраас нийт хүүхэд багачууддаа барьж байгаа томоохон бэлэг гэж хэлж болох байх.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрх, хөгжил, нийгмийн хамгаалалтай холбоотой  олон чухал шийдвэрийг гаргаж ажиллана гэдгээ илэрхийлж байна" гэв.