Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдэд  нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 343-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна.

2020.05.31-ний өдрийн 13 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 5-р багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь автомашиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөсний улмаас 52 настай, эрэгтэй Д хавчуулагдаж амь нас нь хохирсон,

2020.05.31-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг шороон замд Sang Yong Istana маркийн автомашины жолооч У нь хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 11 сартай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.         

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.