Зарим улс орнуудад коронавирусийн зэрэгцээ эбола вирусийн халдвар дэгдэж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 6.3 сая хүн өвчилж, 377 мянга гаруй хүн нас баржээ. 2.9 сая хүн эдгэрч, 3  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 99 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 2000 гаруй хүн нас баржээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 9000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад, Эрхүүд 39-299 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод 229 тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-ын Ухань хотын эрдэмтэд олон төрлийн судалгаа шинжилгээ хийж байгаа. Тэд амны хаалт зүүн гараа байнга угаан хүн хоорондын зайг 1.5-2 метрийн зай барих нь хамгийн энгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон.

Түүнчлэн өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. 

Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад коронавирусийн болон эбола вирусийн халдвар дэгдэж байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд нь хүндхэн сорилт болж байгаа аж. 

24 цагт 119 дугаарт 187 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан” гэв.