А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлалаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Тодруулбал, тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/ ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

Ингээд Монгол улсын хэмжээнд онош батлагдсан нийт тохиолдлын тоо 185, эдгэсэн 44 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээнд 141 хүн байна. Тэдний ор хоног 14-53 хоног буюу нэлээд урт байгаа бөгөөд 5-65 насныхан байна. Үүнээс 5-15 насны таван хүүхэд ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.