Улаанбаатарын хүмүүс: Эх үр хоёрыг эсэн мэнд уулзуулах нь эх баригчийн жаргал

Р.Янжмаа Ахмад эмч (82 нас)

Би Увс аймагт төрж, өссөн. Айлын таван хүүхдийн хамгийн бага нь. Ээж маань намайг гурван настай байхад өвчнөөр өөд болж, аавынхаа гар дээр бага эгчтэйгээ хамт өссөн. Анх 1945 онд долоон настайдаа Улаанбаатар хотод том эгчийндээ ирж байлаа. Эгч хотод сургуульд суралцаж, төвхнөсөн байсан учраас намайг өөр дээрээ авч сургасан хэрэг. Анх хотод ирэхэд хятад “Шийянз” гэдэг газар амьдардаг байлаа. Одоогийн “Найман шарга” захын дэргэд Шар дэлгүүрийн хажууд гэсэн үг л дээ. Гэр ойрхон байсан учраас Шар дэлгүүрээр л байнга үйлчлүүлнэ. Тэр үедээ хамгийн том дэлгүүр л Шар дэлгүүр байсан санагдаж байна. Улсын их дэлгүүрийг хожуу барьсан. Шар дэлгүүрийн тэндээс Нэгдүгээр сургууль руу алхаад л ирж, оччихдог байсан. Би Нэгдүгээр сургуульд сурж, төгссөн. Тухайн үед манай сургууль байшин барилгаараа том, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гээд алдартай байлаа. Би наймдугаар ангиа төгсөөд хүн эмнэлгийн техникумд сурч, бага эмчээр төгссөн. Манай гэр бүлийн хүнийг А.Дамдинсүрэн гэдэг. Намайг сургуулиа төгсөхөд манай хүн Анагаахын дээд сургуулийг их эмчээр төгсөж байсан. Ингээд бид хамтдаа 1954 онд Ховд аймгийн Булган суманд гурван жил томилолтоор ажиллаж, амьдарсан. Тухайн үед сумын төв бөглүү, их эмчийн салбар гэж байсангүй. 1956 онд Ю.Цэдэнбал дарга орон нутагт, суманд ирж ажиллаж байсан юм. Үүний дараахан Төв хорооноос нөхөр бид хоёрыг хотод ир гэж дуудлаа. Хөдөө бөглүү газар их, бага хоёр эмч сайн ажиллаж байна гэж дүгнэсэн юм байх аа. Улаанбаатарт ирээд манай өвгөн Анагаахын дээд сургуульд багшаар ажиллаж, Би Эрүүлийг хамгаалах яамны Эрүүлийг хамгаалах газарт системийн дарга болсон. 1965 оноос Анагаахын дээд сургуульд сурч, 1969 онд төгсөн Хоёрдугаар төрөх эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан. Олон жил эх баригчаар ажиллан эхэс гардахаар сүүлдээ гараа мэдэрч чадахгүй, ажиллагаагүй болдог юм билээ. Тэгээд л акт авч, эмэгтэйчүүдийн эмч гэдэг ажлаасаа чөлөөлөгдсөн дөө. Гэхдээ анагаахын салбараасаа холдоогүй ээ. Улсын клиникийн төв эмнэлэг дөнгөж нээгдэхэд дотрын эмчээр ажиллаж, мэргэжил дээшлүүлэх олон курст суралцан, ажилласаар 2008 онд тэтгэвэртээ гарсан.

Эх баригчаар олон жил ажилласан ч хэчнээн хүүхэд эх барьснаа ер тоолж байгаагүй. Тухайн үед хэдэн хүүхэд эх барилаа гэсэн тоон мэдээлэл байсангүй. Бидний хувьд эх, үр хоёрыг эсэн мэнд уулзуулж байвал жаргал нь тэр. Зарим эцэг, эх таны эх барьсан хүүхэд гээд дагуулж ирж, уулзуулдаг. Ховд аймгийн Булган суманд очиж ажиллахдаа анх эх барьж авсан хүүхдийг аав, ээж хоёр нь дагуулаад хотод ирж, уулзуулж байлаа. Тэр хүү маань Анагаахын дээд сургуулийг төгсөн ЭМЯ-нд гадаад харилцааны хэлтэс хариуцан ажилласан. Одоо Анагаахын их сургуульд ахмад багш Г.Ганболд гэж хүн бий. Ингээд эх барьсан хүүхдүүдээ тоочвол олон бий.

1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэний дараа Анагаахын дээд сургуульд багшаар ажиллаж байсан нөхөр маань өөд болсон. Насны эцэст өвгөнөө явуулчхаад ганцаараа ач, гучаа тойруулаад л сууж байна. Би өвгөнөөсөө дөрвөн хүүхэдтэй хоцорсон. Өнөөдөр дөрвөн хүүхэд маань ач гучтайгаа нийлээд дөчүүлээ болох нь ээ. Хүн чинь ханийгаа байхгүй болохоор санаа сэтгэлээр л их явах юм. Муухай тахал гарч, айгаад гэрээс ч гарч чадахгүй л байна. Өвдөөд үр хүүхдэдээ дараа болохгүй юм шүү л гэж бодох юм. Эхээс тавуулаа ч одоо хамгийн бага эгч бид хоёр л үлдсэн дээ. Эгч маань 85 настай нутагтаа бий. Жил бүр л эгчийгээ зорин очдог юм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайхан буурал хадам ээж маань ийм сайхан дурсамжтай намтартай нь сая л уншиж мэдлээ.Үр хүүхэд ач гуч нараа тойруулаад эрүүл энх урт удаан амьдарч биднийгээ баясгаж яваарай.

    0 0 Хариу бичих