Хуримтлалгүйн ГОР

“Алдаа бол алдаа биш сургамж” гэдэг шиг цар тахал хүн төрөлхтөнд сургамж, ухаарал болж байна. Тэр тусмаа сүх далайтал үхэр амар байдал нь санхүүгийн боловсролгүй, хуримтлалын зуршилгүйтэй нь уялддаг монголчуудад маш том сургамж боллоо. Дэлхий дахинд дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио хязгаарлалт нь улсын төсөв, аж ахуйн нэгж, иргэний орлого буурахад хүргэсэн.

Гэтэл гэнэтийн энэ үед улсын ч, байгууллагын ч, иргэний ч данс нь шууд улайж байна. Энэ нь нөөц, хуримтлал, хадгаламж, эрсдэлийн сан байдаггүйтэй холбоотой. Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио, хязгаарлалтыг хийсэн. Гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хязгаарлалтыг улам нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, эхлээд зөвхөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан бол фитнесс, амралтын газар, саун, кофе шоп, зочид буудал гэх мэт хүнснээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарлаж, заримынх цагийн хуваарийг богиносгосон.

Ингэснээр олон хүний орлого үгүйрсэн хэрэг. Товчхондоо гурван сарын хугацаанд аж ахуйн нэгж нь нөөцгүйн улмаас ажлын байраа цомхотож, иргэн нь цалин нь тасалдахад хэрэглээний мөнгөгүй болсон хэрэг. Нэг үгээр хуримтлалгүйн гор нь гарчээ. 

АРВАН ХҮН ТУТМЫН ДОЛОО НЬ ХУРИМТЛАЛГҮЙ БАЙНА

Судалгаанд 10 мянга гаруй хүн хамрагджээ. Ингэхэд тухайн өрхийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд танай гэр бүл хадгаламжаараа ямар хугацаанд амьдрах талаар тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 72 хувь нь хадгаламж байхгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын долоо нь хадгаламжгүй байна. Харин 14 хувь нь нэг сар хүртэлх, найман хувь нь гурван сар хүртэлх хугацаанд амьдрах боломжтой гэж хариулсан байна. Өрхийн хуримтлалаар жилээс дээш хугацаанд амьдарна гэж судалгаанд оролцсон иргэдийн 0.4 хувь нь л хариулсан байна.

Иргэдийн хадгаламжтай эсэх, одоо байгаа хуримтлалаараа амьдрах боломжтой хугацааг насны бүлгээр ангилан харвал 25-34 насны иргэдийн 73 хувь нь ямар нэг хадгаламж байхгүй гэжээ. Мөн 15-59 насны ангилалд багтах иргэдийн 14 орчим хувь нь одоо байгаа хуримтлалаараа сар хүртэлх хугацаанд амьдрах боломжтой гэж хариулжээ.

ЗЭЭЛ ХАДГАЛАМЖААС ХОЁР ДАХИН ИХ БАЙНА

Банкны систем дэх хадгаламж, зээлийн харьцааг харъя. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын байдлаар 20 их наяд хүрч байхад хадгаламжийн хэмжээ дөнгөж 10 их наяд дөхсөн байх жишээний. Товчхондоо бол аж ахуйн нэгж, иргэний зээл, хадгаламжаас хоёр дахин их байгаа юм. Энэхүү 17 их наяд давсан зээлийн 8.6 их наяд нь иргэний, үлдсэн нь аж ахуйн нэгжийнх. Тэгвэл иргэний хадгаламж (төгрөг) 9.4 их наяд байна. Харин аж ахуйн нэгжийнх 1.3 их наяд байна. Ингээд харахад иргэний хадгаламж зээлээсээ давсан байна. Гэвч энэ нь цөөн хүний их мөнгөн дүнтэй хадгаламж байгаагаар тайлбарлагдана. Харин аж ахуйн нэгжийн тухайд зээл давамгайлж, хадгаламж өчүүхэн хувийг эзэлж байна.

Улсын данс нь ч улаан

Хэдэн үеэрээ харамчийнхан гэдэг шиг манайд шат шатандаа хуримтлалгүй, нөөцгүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан иргэн, аж ахуйн нэгж нь хуримтлал, нөөцгүйгээс гадна улсын данс нь ч улайлаа. Хуримтлал, сангийн тухай ярьж, хуулиуд баталсан байдаг ч сан үлдэгдэлгүй шахуу байдаг. Баялгийн сан байгуулах асуудлыг Монгол Улс 2008 оны эдийн засгийн хямралын дараагаас эхэлсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос эхлэн боловсруулсан ч 2016 онд УИХ-аар баталсан юм. Үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилготойгоор уг хуулийг баталж байв. Түүнчлэн өнгөрсөн онд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпорац” ХХК байгуулж, дүрмийг нь баталсан. Бий болсон цагаасаа хойш өртэй явж ирсэн гэхэд болохоор уг сан сүүлийн гурван жилд л хуримтлалтай болж байгаа. Сангийн яамны тайланд дурдсанаар “Ирээдүйн өв” сангийн орлого өнөөдөр хагас их наяд давсан. Харин Төсвийн тогтвортой байдлын сангийн тухайд улсын төсөв үргэлж алдагдалтай байсан болохоор хуримтлал нэмэгдэх боломж хомс байсан. Салбар яамнаас өгсөн мэдээллээр тус сангийн үлдэгдэл 322 тэрбум төгрөг байна. Байгаа сан нь ийм ч дахин Баялгийн сан байгуулахаар болсон. Гэвч одоогоор боловсруулсан хуулийн төсөл нь үр дүнд хүрээгүй байгаа юм. Хуримтлал үүсгэж, ирээдүйд зарцуулах зорилтот хоёр сангаар л жишээ авахад нөхцөл байдал ийм байгаа. Харин бусад сан нэртэйгийнх нь тухайд бол сан биш юм. Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сан зэрэг нь мөнгө хуримтлагддаг биш өртэй байдаг. Сангийн жишгээр ч ажилладаггүй. Зүгээр л сан гэдэг нэр авсан гэхэд болно. Нэг л жишээ авъя.

Монголын хөдөлмөр эрхлэгч 700 мянга орчим хүний ойролцоогоор жилд төлсөн нэг их наяд орчим төгрөг Нийгмийн даатгалын санд ордог. Харин энэ сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулдаг. Мөн сан гэчихээд үлдэгдэлгүй, алдагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, сард сая төгрөгийн цалин авдаг хүний Нийгмийн даатгалын шимтгэлдээ төлсөн 200 орчим мянган төгрөгийг арилжааны банкинд байршуулдаг. Өсгөж байгаа нь тэр юм. Гэвч нэдэр дээрээ банк 13 хувийн хүүтэй өнөөх сангийн мөнгийг нь хадгалаад ашиг олохын л тулд ажиллаж байгаа тул эргээд 17 хувийн хүүтэй болгоод буцаад нөгөө иргэнд зээл хэлбэрээр олгодог.

Ингэхээр монголчуудын шат шатандаа хуримтлалгүй нь орлого багатайгаас бус энэ мэт тогтолцоо, зуршлаас болж байгаа гэхэд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ухамсарын асуудал шүү

    0 0 Хариу бичих
  2. гор гарлаа ч гэх шиг доромжлоод байна уу. угаасаа авсан цалин нэгээс нөгөөд хүрэхгүй байхад ямар элэнцгийн чинь хуримтлал. агаарын юм ярихаа больчих та нар. махны үнээ хар даа. бусадюмны үнээ ч хар. бензин үнэгүйдчихээд байхад буулгахгүй л байна.

    0 0 Хариу бичих
  3. Хуримтлал үүсгэх гэдэг бол хүний сэтгэхүйн ядуурал бага ч болов хуримтлал үүсгэх ёстой таныг ёртөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хүртэл зардал гарна та арай үхсэн хойноо ч бас яршиг удахгээгүй биздээ

    0 0 Хариу бичих
  4. Б.Болор Эрдэнэ Монголд хаанаас ирсэн бэ? Ард иргэдийн ихэнх нь эрхэлсэн ажилгүй байхад юун хуримтлал, юугаа яриад байгаа "сэтгүүлч" вэ?! Тэр 10 -аас 7 хүн чинь ажилгүй л байхгүй юу. Хувийн тэтгэвэрийн даатгал гэдэг чинь үнэн хэрэг дээрээ хадгаламж юм байгаам. Энэ сисмем нэвимэрвэл баахан хүн мөнгөө хулхидуулна

    2 0 Хариу бичих