С.Эрдэнэ: АН-ын даргын түр үүргийг Ц.Туваанд өгч байна

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдээллээ. Тэрээр “Сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Үүнийг сонгуулийн эрх байгууллагууд шалгаж тогтоох байх. АН энэ удаагийн сонгуульд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс би АН-ын үндсэн дүрмийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Хоёрдугаарт, ардчилсан хүчний намууд нэгдсэнээр үр дүнд хүрнэ гэдгийг харуулсан сонгууль боллоо. Ардчилсан хүчнийхэн нэг эвсэл биш нэг нам болж нэгдэх хэрэгтэй юм байна. АН-ыг толгойлж сонгуульд оролцсон миний хувьд алдаа, дутагдал байсан. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, хамтарч ажиллаагүй учраас боломжоо алдсан гэж бодож байна. Идэвхтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН-ын даргын хувьд иргэд сонгогчдоосоо чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Биднийг дэмжээгүй ч цаашид дэмжлэгийг авах хэмжээнд зүтгэж ажиллана. Сонгуулийн хуулийн зохицуулалтын дагуу нийт сонгогчийн 40 гаруй хувийн саналыг авсан МАН үнэмлэхүй олонх боллоо. Ялалтад хүргэж чадаагүй учраас ардчилсан намын гишүүд дэмжигчдээсээ хүлцэл өчье. Энэ намыг эрх баригч нам болгохын төлөө хамтарч ажиллах болно.

АН-ын намын даргыг түр үүргийг АН-ын дэд дарга Ц.Туваанд өгч байна. АН-ын дотоод амьдралыг надаас дутахгүй мэдэх учраас Ц.Туваанд бүрэн итгэж байна” гэсэн юм.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ удаагийн сонгууль шударга болж чадав уу?

Хяналтын шатанд ноцтой зөрчил гараагүй байна. Ер нь хар машины тооллогод мэргэжлийн түвшинд хяналт тавих шаардлагатай гэж харж байгаа.

-Сонгогдсон нэр дэвшигчдээс хууль хяналтын байгууллагад  шалгуулж байгаа хүн байгаа юу. Шүүхийн шийдвэрээр АН суудал нэмэх боломж бий юү?

-Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүрэгт асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй учраас бид хэлэх боломжгүй.

-Ардчилсан нам шинэчлэл хийж чадаагүй нь сонгуульд ялагдсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Манай намд шинэчлэл хийгдэж байгаа. Үр дүн нь яваандаа мэдрэгдэх байх. Олон үзэл баримтлалыг нэг туган дор нэгтгэх нь хичээл зүтгэл шаардсан ажил байлаа.

-АН-ын даргыг хэзээ сонгох вэ?

-АН-ын даргын сунгаа гурван сарын хугацаанд үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)