Маргааш ЭЕШ орон даяар эхэлнэ

Улаанбаатарт 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байранд ЭЕШ-ыг авна

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 2-5-нд болно. Элсэлтийн ерөнхий шалгалтад 31 мянга орчим шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүний 28 мянга орчим нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа шалгуулагч бол үлдсэн нь өнгөрсөн жилийн төгсөгчид байгаа юм.

Коронавирусний цар тахалтай холбоотойгоор хэт бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс шалгалт авах байрын тоог нэмэгдүүлжээ. Улаанбаатарт 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Шалгалт авах нэг ангид 12 шалгуулагч байхаар зохицуулсан байна. Өмнөх жилүүдэд 50-аас илүүгүй байранд авч байсан юм.  

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Шалгуулагчийн шалгалтын байрны гадаа ирэх цаг хугацааг тодорхой зааж өгсөн. Мөн шалгуулагчдын хооронд бөөгнөрөл үүсгэхгүй учраас шалгуулагч нэвтрэх хэсгийг зааж өгсөн байгаа. Тухайлбал, нэг шалгалтын байр байлаа гэхэд гурван нэвтрэх хэсэгтэй, тусдаа хаалгаар орж гаран хоорондоо бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохицуулсан” гэв.                          

БСШУС-ын сайд элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог зарласан. Ингэхдээ улсын сургуулиудын босго оноо 480, хувийн сургуулиудынх 410, орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байхаар болсон. Босго оноо хэвээр мөрдөгдөнө, гэхдээ сургалтын хөтөлбөр, коронавирус зэрэгтэй холбоотойгоор үндэсний босго оноон дээр тулгуурлан их, дээд сургуулиуд өөрсдийнхөө босго оноог зарласан. Үүнийг тухайн сургуулийн мэдээллээс авч болно. Мөн энэ жил элсэгчид цахимаар сургуульдаа бүртгүүлэх юм.

Шалгалт долоодугаар сарын 2-нд буюу маргааш 10:00 цагаас эхлэн Монголын түүх, англи хэл, долоодугаар сарын 3-нд хими, газарзүй, нийгмийн ухааны хичээлийн шалгалт явагдана. Харин долоодугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долоодугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана. Шалгуулагчид шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагч шалгалтад орох боломжгүй болох юм байна.