МХЕГ: Ховд аймагт тарваган тахал гарсантай холбоотойгоор ЭЕШ өгөх хүүхдүүдийг аймаг руу нэвтрүүлж тусгаарлана

Өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд МХЕГ-ынхан ЭЕШ-ын нөхцөл байдалд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хийж байна.

Маргааш эхлэх ЭЕШ-ын урьдчилсан байдлын хяналт шалгалтын мэдээллийг МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн өглөө. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд маргааш буюу долоодугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулахаар байгаа. Энэ жилийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор онцгой нөхцөл байдалд шалгалт зохион байгуулагдахаар болж байна. Нийтдээ 30902 хүүхэд шалгалт өгнө гэж бүртгүүлсэн байгаа. Нэг хүүхэд дунджаар 3 шалгалт өгнө гэж бодоход 100 мянган орчим хүүхдийн хөдөлгөөн гарна. Энэ нөхцөл байдалд УОК-оос түр журам гаргасан. Иймээс манай мэргэжлийн хяналтын байцаагчид ЭЕШ-ын шалгалтын байруудад урьдчилсан шалгалт хийж дүн мэдээгээ нэгтгэлээ. Улсын хэмжээнд 85 байранд шалгалт авахаар байрууд зохион байгуулсан байна. Байруудын зохион байгуулалтын хувьд харилцан янз бүрийн байдалтай байна. Шаардлага хангаагүй бэлтгэлгүй газрууд болон бэлтгэлээ маш сайн хангасан газрууд ч байна. Тухайлбал, Төв аймгийн Хүмүүн цогцолборт нөхцөл байдалд шуурхай хандаж онцгой комиссын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөгийн хөрөнгө гарган бүх ангиудыг камержуулсан байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүхий л бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн Налайх дүүрэгт анх удаа ЭЕШ авах гэж байгаа. Тэнд Засаг даргын тамгын газар онцгойлон идэвхтэй  ажиллаж нөөц хөрөнгөөсөө гарган бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан сайн жишээ байна.

Гэтэл зарим газар нийслэлийн зарим дүүргүүд дээр нэлээд чамлалттай байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор дээр шалгалтын бэлтгэл ажил хангагдаагүй, тухайн сургуулийн байрны нөхцөл шаардлага муу, ангиудын гэрлийн тусгал хүүхдүүдээс шалгалт авах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Мөн агааржуулалтын байдал болон бие засах газар нь шалгуулах гэж байгаа хүүхдийн стандарт тоонд хүрэхгүй зэрэг дутагдлууд гарч байна. Энэ удаад бид шалгалтын танхимаас гадна, тусгаарлах өрөөг тусгайлан бэлдэж байгаа. Энэ нь шалгуулах гэж орж ирж байгаа хүүхдийн биеийн дулааныг хэмжиж градусын өөрчлөлттэй байгаа хүүхдүүдийг сэжигтэй гэдэг тохиолдлоор шалгалтад хамруулахын тулд тусгай өрөө бэлдэж зохион байгуулж байгаа. ЭЕШ нь хувь хүний хувьд жилдээ нэг удаа зохион байгуулагддаг ирээдүйд дэвшин суралцах том шалгалт байдаг учраас хэрвээ энэ шалгалтад оруулахгүй бол ирэх жил хүртэл тухайн хүүхдэд сургалтад хамрагдах боломж үүсдэггүй. Тиймээс халуурна гэдэг нь зөвхөн коронавирусийн шинж тэмдгээс гадна бусад өвчлөлийн өвчин эсэргүүцэхтэй холбоотой гардаг шинж тэмдэг учраас тусгаарлах өрөөнд шалгуулагч багш хамгаалах хэрэгсэл хэрэглэж шалгуулагчаас шалгалт авахаар түр журамд тусгасан байгаа.

Мөн тусгай эмчийн өрөө бэлдсэн. Тусгаарлалтын байранд шалгалт өгч байгаа хүмүүс тусгай бие засах өрөөтэй байх ёстой.

Хяналт, шалгалт хийх явцад хариуцах эзэнгүй гэдэг асуудал байна. Учир нь тухайн шалгалт өгч байгаа сургуулийн захирлуудыг зургаадугаар сарын 29-нөөс ээлжийн амралтыг нь өгөх шийдвэр гарсан байна. Үүнийг холбогдох яаманд асуудлыг тавьсан. Хэдийгээр Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ыг зохион байгуулж байгаа ч тухайн байрны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, эрсдэлт хүчин зүйлүүдийг тухайн сургуулийн захирал хариуцан ажиллах ёстой.

Шалгалтын 85 байрнаас камержуулалтын шаардлага хангагдахгүй байр 57.3 хувь байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэнэ гэсэн заалт байгаа ч сургуулиудын 73 хувь нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хийлгэх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн.  Гэхдээ өмнө нь төгсөх ангийн сурагчдад давтлага хийхдээ ариутгал хийлгэсэн учраас өөрсдийн нөөцөд тусгуулан ариутгалын бодис ашиглан цэвэрлэгээ хийх зөвлөмжийг өгч байна.

Ховд аймагт гарсан тарваган тахалтай холбоотойгоор тус аймагт ЭЕШ өгөх 900 гаруй хүүхдийн асуудал дээр тус аймгийн Онцгой комисс хуралдсан. Ингээд ЭЕШ өгөх хүүхдүүдийг аймаг руу нэвтрүүлж оруулан шалгалт дууссан ч өвчлөлийн нууц үе дуустал аймгийн төвд байлгахаар зохион байгуулсан.  Цэцэг сумын ЭЕШ өгөх 27 хүүхдийг мөн шалгалтад оруулж аймгийн төв рүү нэвтрүүлэхээр болсон. Тиймээс Ховд аймгийн хүүхдүүд ЭЕШ-д бүрэн хамрагдах боломж бүрдсэн” гэв.