Насан туршид үр өгөөжөө өгөх мэдлэг туршлагыг КАНАД-аас

Олон мянган залуус мэдлэг, чадвараа шалгуулан хаана, ямар боловсрол, мэргэжил эзэмшихээ сонгох эгзэгтэй үе ирж байна. Энэ үед насан туршид үр өгөөжөө өгөх мэдлэг туршлагатай болох боломж хийгээд Канад улсад суралцахын давуу талыг танилцуулъя.

Канад улс найрсаг, зочломтгой, аюулгүй хотуудаараа алдартай. Мөн улсын төсвийн зардлынхаа нэлээдгүй хувийг боловсролын салбарт зарцуулдаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроос боловсролд зарцуулдаг ДНБ-ий хувиараа тэргүүлдэг байна. Үүнээс гадна гадаад оюутнуудын дунд эрэлт ихтэй бусад орнуудтай харьцуулахад сургалтын төлбөр, амьдрах өртгийн хувьд өрсөлдөхүйц байдаг.

Гэхдээ таны олж авсан зэрэг дэв, дипломын үнэ цэнэ нь зөвхөн зардал хэмнэснээрээ хэмжигдэхгүй, төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд нэвтрэн ороход нь эзэмшсэн боловсрол нь хэр их тус дэмтэй байгаа нь бас чухал үзүүлэлт болох юм.

Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй, чадварлаг боловсон хүчинг Канад улс байнга бэлтгэн гаргадаг. Чадварт суурилсан сургалтад тулгуурлаж, төгсмөгцөө ажлын байранд бүтээгч байх оюутнуудыг бэлтгэдэг гэсэн үг.

Канадын ихэнх их дээд сургууль, коллеж нь төрөөс санхүүждэг бөгөөд сургалт, судалгаа, сургалтын орчин нөхцөл нь чанарын өндөр стандартыг хангасан байх шаардлагатай байдаг.

Хамгийн сүүлийн үеийн технологи, судалгааг сургалтдаа нэвтрүүлэхийг эрмэлздэг тул Канадын их, дээд сургууль, коллежууд сургалтын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий орчинг бүрдүүлсэн. Байнгын судалгаа шинжилгээ хийж, мэдлэг хуримтлуулах ийм төвүүд нь Засгийн газар, институцүүд, аж ахуйн нэгжүүдийг хамтран инновац хийх холбоос болдог. Жишээлбэл, Канадын Засгийн газрын эрдэм шинжилгээ дэмжих олон сангийн нэг нь л гэхэд (Canada First Research Excellence Fund) бакалаврын дараах түвшний судалгаанд жилд 200 сая канад долларын хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр их, дээд сургуулиуд маш олон төрлийн сонирхолтой судалгааны ажлыг дэмжиж, санхүүжүүлэх боломжийг бий болгодог.

Их, дээд сургуулиуд

Төрөөс санхүүждэг 100 гаруй их, дээд сургууль дээр 15000 гаруй бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрүүд, мэргэжлийн болон богино хугацааны сертификат, дипломын мэргэшүүлэх сургалтууд санал болгодог.

Олон их, дээд сургууль онол-дадлага хосолсон сургалт, зайны сургалт, насан туршийн боловсролын хөтөлбөрүүдтэй. Онол-дадлага хосолсон хөтөлбөрт хамрагдсанаар танхимын сургалтыг аж үйлдвэрийн болон бусад салбарт цалинтай дадлага хийх боломжтой хослуулж суралцдаг онцлогтой.

Их, дээд сургуульд англи эсвэл франц хэлээр зарим сургуульд энэ хоёр хэлээр хослуулан суралцах боломжтой.

Коллеж, политехникийн сургуулиуд

Канадын коллеж, политехникийн сургуулиудын сургалтын чанарыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Өндөр шаардлага бүхий сургалтын хөтөлбөр, чанарын стандартыг улсаас батлахаас гадна аж үйлдвэрийн салбарын бие даасан байгууллагууд хянаж, баталгаажуулах нь ч бий.

Ажлын дадлагад суурилж, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн тэдгээр хөтөлбөрийг ажил олгогчидтой хамтран боловсруулдаг юм.

Коллеж, политехникийн сургуулийн оюутнууд бизнес эрхлэгчидтэй хамтарсан судалгааны төслүүдэд оролцох нь улам бүр нэмэгдэж, ингэснээр бодит сорилт, сүүлийн үеийн технологитой танилцах боломжийг тэдэнд олгон, төгсөөд ажилд ороход тус дэмтэй хүмүүстэй ч танилцах үүд хаалгыг нээдэг. Зарим коллеж нь их, дээд сургуулиудтай шилжин суралцах, кредит шилжүүлэх гэрээтэй байдаг.

Суралцах үедээ ажил эрхлэх боломж

Суралцах эрх бүхий олон улсын оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй бөгөөд зуны болон бусад сургуулийн амралтын үеэр бүтэн цагаар ажиллах эрхтэй байдаг. Сургуулиа төгсөөд гурав хүртэлх жилийн хугацаатай ажиллах эрх хүсэн Канадад үлдэж, ажлын туршлага хуримтлуулах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)