Оросууд Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулж байгаа вэ

ОХУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, иргэдийн дэмжлэг авсан билээ. Тэгвэл оросууд энэ удаа яг ямар заалтуудыг өөрчилсөн  тухай болон бусад мэдээллийг уншигчдадааа хүргэж байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаагүй болгох нь гол зорилго байсан уу

Үндсэн хуульд орж буй хамгийн гол өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэсэн явдал юм. Ингэснээр нэг хүн хэдэн ч удаа төрийн тэргүүнээр улиран сонгогдох боломж бүрдсэн. Өрөөр хэлбэл, “Хоёр дараалан...” гэснийг “Дараалан...” гэж өөрчилсөн юм. Ард иргэдийн зүгээс энэхүү өөрчлөлтийг В.Путин өөртөө зориулж батлуулсан гэсэн шүүмжлэл гарч буй нь үнэний хувьтай. Гэхдээ санал асуулгад бэлтгэх, санал асуулга явуулах хугацаанд хэвлэл мэдээллээр энэ заалтын талаар бараг яриагүй. Төрийн албан хаагчийг давхар иргэншилтэй байхыг хориглох, гэрлэлт бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сайн дурын үндсэн дээр нэгдсэн нэгдэл гэдэг дээр “бурханд итгэх итгэл” гэж нэмсэн гэх мэт дагалдах заалтуудыг л онцолж байв. Ерөнхийлөгч В.Путин өөрөө ч энэ талаар тусгайлсан ярилцлага нэг ч өгөөгүй бөгөөд олон нийтэд нэг удаа л мэдээлэл өгсөн аж. Тодруулбал, “Орос, Кремль, Путин” баримтат киноны талаар “Россия 1” сувагт ярилцлага өгөх үедээ л ганц удаа хөндсөн байдаг.

Тэгэхдээ “Хэрвээ ингэж өөрчлөхгүй бол, хоёр жилийн дараа залгамжлагч хайх хэрэгтэй болно. Би өөрөө сайн мэддэг учраас хэлж байна. Өдөр тутмын ажлын хажуугаар гайгүй залгамжлагч хайх болдог. Гэтэл залгамжлагч хайх биш, ажиллах хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Дахиж дэвших эсэх талаар асуухад “Одоогоор бодож үзээгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт орчих юм бол тэр үед тодорхой болох биз” хэмээн хариулсан билээ.   

Үндсэн хуулийн өөрчлөлтийг сөрөг хүчний намууд бүгд эсэргүүцэж байсан ч нэгдэж чадсангүй. Парламентад суудалтай намуудаас ганц Коммунист нам л эсэргүүцлээ ил илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад санал хураалтад огт оролцоогүй юм. Сөрөг хүчний Илья Азар, Юлия Галямина, Дмитрий Гудков, Андрей Пивоваров нарын зэрэг улстөрчид “Үгүй” хөдөлгөөн үүгэж тэмцсэн бол “Яблоко” эвсэл дэмжигчдэдээ санал хураалтад оролцохгүй байхыг уриалсан юм.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)