ХӨСҮТ: 302 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн холбогдох эх сурвалжаас ээлжит мэдээллээ хийлээ. Долоодугаар сарын нэгний байдлаар ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 302 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд  ажиглах байранд тусгаарлагдаад буй  246 хүн, Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс түүврийн аргаар цуглуулсан 9 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээ багтаж байна.  

Өнөөдөр нэг оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжжээ. Эдгэрсэн иргэн нь ОХУ-ын батлан хамгаалахын сургуулийн оюутан 48 хоногт эмчлэгджээ. 

Монгол улсад онош батлагдсан 220  тохиолдол бүртгэгдсэнээс 177 хүн эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлж үзвэл  37 нь хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна.

Дэлхий дяаар коронавируст халдвараар 10,777,000 хүн өвчилж, 517,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)