Ж.Эрдэнэбат нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн тухай бид мэдээлсэн. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч солигдсон, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдлыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр " Ж.Эрдэнэбатын зүгээс гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан нийт гурван удаа хойшилсон. Шүүхээс Ж.Эрдэнбатад шүүгдэгчийн эрхийг нь эдлүүлэх бүх боломжоор хангасан. Тиймээс түүний өмгөөлөгч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг шинжлэн судлах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж байна" гэв. 

Тэгвэл өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдааныг орхин гарчээ. Тэрээр "Олон Улсын гэрээ конвенцид заасан хувь хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Олгогдсон эрхийнх нь хүрээнд өмгөөлүүлэх ажилдаа хангалттай бэлтгэгдэх хугацаа олгохыг хүссэн. Энэ хүсэлтийг шүүгч олгохгүй хүчээр шүүх гэж байгааг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас би шүүх хуралдааныг орхиж байна. Шүүхийн энэ шийдвэр цаашдаа жишиг болоод явчих юм бол Үндсэн хуулийн бус эрхзүйн үндэслэлээр барьж хориод байх нөхцөл үүснэ" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)