Нийслэлийн бүсэд тарваган тахал гарах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

Хаврын хуурайшил дууссантай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн байгаль орчны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тарваган тахлын эрсдэлийн талаар мэдээллээ. Тодруулбал, суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байгаа аж. Мөн ЗӨСҮТ-өөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт хуучин тарвага нутагшиж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох ХААИС, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт долоон бүлийн 32 толгой тарвагыг барьж ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт буюу нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулах ажлыг зохион байгуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж эхэлжээ. 

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.