Зөвшөөрөлгүй 10 ШТС, газ түгээх гурван станцын үйл ажиллагааг зогсоожээ

НМХГ: Улаанбаатар хотод  ШТС нэмж барих шаардлагагүй

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн   автомашиныг хийгээр цэнэглэх  3 станцын үйл ажиллагааг зогсоожээ. Улмаар прокурорын хяналтад дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.

НМХГ-аас 21 аж ахуй нэгжийн шатахуун хадгалах 20 агуулах, 239 ШТС, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, 4 хийгээр цэнэглэх станц, 2 байгалийн хийгээр цэнэглэх станцад шалгалт явуулжээ. Ингэхдээ тус бүрийн газрын байршил, аюулгүйн зай хэмжээ, үйл ажиллагаа нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг зэргийг шалгаж дүгнэлт гаргажээ.  Шалгалтаар зөвшөөрөлгүй ШТС-уудын үйл ажиллагааг зогсоож, холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцсон байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд  “М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй байсан учраас улс байнгын ашиглалтад хүлээж авахгүй зөрчилтэй байгаад байгаа гэсэн үг. Гэхдээ эдгээр компанийн ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд манай байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох, зөрчлийг нь арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг нь буулгуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Энэ жил гурван ШТС-ыг буулгуулсан.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа ШТС-ууд байгаа автомашинуудаа хангалттай цэнэглэж байгаа. Тиймээс манай байгууллагын зүгээс  нэмж зөвшөөрөл, газар олгох шаардлагагүй гэдэг албан тоотоо холбогдох байгууллагад явуулсан. Эрх бүхий байгууллагуудаас үүнд анхаарч ажиллах байх. Мөн алслагдсан, тэлж байгаа бүс рүү ШТС байж болох талтай. Үүнийг төлөвлөлтөөрөө зохицуулаад явна” гэв.

ШТС нэмэгдэх нь хүн амын эрүүл мэнд  төдийгүй хөрс, усанд сөрөг нөлөөтэй

Шалгалтын явцад батлагдсан зураг төсөлгүй, штс барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй үйл ажиллагааг эхлүүлсэн 26 аан, 1 иргэнд зөрчлийн тухай хуулиар торгож, зөрчлөө арилгах, даалгавар хүргүүлжээ. Ер нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод нягтрал ихтэй газарт ШТС ашиглалт оруулах нийтлэг сонирхол ААН-үүдийн дунд байх болсон. НМХГ-аас Улаанбаатар хотод дахин ШТС шаардлагагүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод байгаа 239 ШТС нийт автомашиныг цэнэглэх шатахуунаар хангах бүрэн боломжтойг онцоллоо. ШТС нэмэгдэх тоолонд иргэд, болон хөрс, усанд эрсдэлтэй нөхцөл үүсгэхийг сануулсан юм.

Цаашид шалгалтын явцад өгсөн даалгаврын хэрэгжилтэд анхаарч, ШТС, газ түгээх станцуудад тавих хяналтыг нэмэгдүүлж, эрчимжүүлэхээр болжээ.