Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал үргэлжилнэ

Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаан 2020.07.02-ны өдрийн 11:00 цагт эхэлсэн. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүгдэгчийг өмгөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир өмгөөлөхөөс татгалзаж байна гэж шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгч Д.Батсүхээс татгалзаж, шүүх хуралдаан даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч танилцаад түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргасан ба үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгч нараас татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан дахин завсарласан юм.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүгдэгч Ж.Эрдэнэбатын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлт нь хуульзүйн үндэслэл байхгүй тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн үүний дараагаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан. Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

Шүүх хуралдаанууд өнөөдөр 09 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Одоо л шуухийн байгууллага аль зэрэг цэвэршсэнээ харуульж, энэ нохдуудэд ард тумэн, монгол улсын нэрийн омноос зохих шийтгэлий нь огч, тодорхой идэж уусан бол хоронгийг хураах хэрэгтэй!!!

    0 0 Хариу бичих