Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна

ЭМЯ-наас Монгол Улсад хийсэн COVID-19 халдварын талаарх судалгааг дэлгэлээ. 

1. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр нарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд Ковид-19-тэй 38 өвчтнийг судлахад дундаж нас 30.3, суулгах, ханиалгах, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, хоолой сэрвэгнэх, ядрах, хоолонд дургүй болох шинж тэмдэг зонхилон илэрсэн байна. PCR-ийн шинжилгээгээр амьсгалын дээд замын сорьцонд 97.4%, өтгөнд 2.6%-д коронавирус илэрчээ. Рентген, компьютер томографийн шинжилгээгээр 38 өвчтний 14-т нь уушгины хатгалгаа илэрчээ.

2. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалжээ. Өвчтний хамар, залгиурын арчдаст вирус хадгалагдах дундаж хугацаа 18.9 хоног, хөөмийн арчдаст 25.1 хоног байсан бол вирусийн ачаалал 1-6 хүртэлх хоногт хамгийн их байжээ. Бүх өвчтний цэрэнд вирус илэрсэн бөгөөд 31 дэх хоногтоо илрэхгүй болсон. Өтгөнд вирус 16.7 хоног хадгалагдаж, вирусийн ачаалал 7-12 дахь хоногт их байжээ. Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна. Харин өвчтний цусны ийлдэс, шээсэнд вирус илрээгүй байна.

3. Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын эрдэмтэд коронавирус мэдрэлийн системд нөлөөлж буйг тоймлон судлахад :
- Төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /толгой өвдөх, эргэх/ - 24.8 хувь
- Захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх/ - 8.9 хувь
- Миопати /булчингийн эмгэг/ - 10.7 хувь байжээ.

4. Агаар дахь азотын давхар ислийн хэмжээ маш өндөр байсан европын 4 улсын 66 бүсэд Ковид-19-ийн нас баралтын 83 хувь бүртгэгдсэнийг олон улсын тойм судалгаанд үндэслэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид мэдээлжээ.

5. Ковид-19 цартахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр олон улсад хийгдсэн 24 судалгааны бүтээлд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Д.Хишигтогтох нар системт тойм судалгаа хийжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг цаг үеийн байдалтай уялдуулан нотолгоонд суурилан төлөвлөх, дэлхийн улс орнуудын туршлагыг судлах, өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

6. АУ-ны доктор Ж.Цолмонгийн “Ковид-19-ийн цартахал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр нөлөө” өгүүлэлд ...Монгол улс дотооддоо халдвар гараагүй цөөн орны нэг болж байгаа нь хариу арга хэмжээний оновчтой, шуурхай байдал, иргэдийн оролцоо дэмжлэгтэй холбоотой гэжээ.