Европ хөл хориогоо дахин сулруулахаар бэлтгэж байна

Европын орнууд хөл хорионы дэглэмээ зөөллөх ээлжит шатны ажилдаа бэлтгэж байна. Их Британи жижиглэн худалдааны дэлгүүрүүдээ зургаадугаар сарын 15-наас эхлэн нээсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр  зорчигчдын урсгал нэмэгджээ. Иймээс хязгаарлалтаа зөөллөсөн ч нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүх журам мөрдөгдөж байна.

Вируст халдварын тоогоор тэргүүлж байгаа улс орнууд нэгдэн ковид19 халдварын эсрэг вакцин бүтээхэд 7.5 тэрбум евро цуглуулж чадлаа.

Нэгэн үе эндэгдлийн тоогоор тэргүүлж байсан Итали улсад нэгэн өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо таваас хэтрэхгүй болсон тул хөл хориогоо улам бүр суллаж байна. Гэхдээ италичуудыг бүрэн COVID-19 халдварын шинжилгээнд хамруулж чадаагүй учраас хүн амын дунд тархалт хэр байгааг тодорхойлох боломжгүй.

Францад цар тахлын улмаас Бастилийн өдөр хэмээх үндэсний баяраа тэмдэглэхгүй. Гэхдээ Парисын тэнгэрт сөнөөгч онгоцоор агаарын жагсаал хийхээр төлөвлөж байна. Энэ  жилийн үндэсний баярын баатрууд нь эмч, эмнэлгийн ажилтнууд байх гэнэ.

Монако мөн л эдийн засгаа сэргээж, казино цэнгээний газруудаа нээх эрмэлзэлтэй. Түрүүчээсээ зарим казино нээгдэн үйлчлүүлэгчдэдээ бүтэн хагас метрын зай барин тоглож болохыг сануулж байна. Тоглоомын ширээ болон автоматуудыг наад зах нь өдөрт хоёр удаа ариутгаж байх гэнэ.  Иймэрхүү маягаар Европын хөл хорио аажмаар суларч байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)