ЭМЯ: Өчигдөр Сөүлээс 420, АНУ-аас 25, Замын-Үүд боомтоор 96 хүн ирсэн

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 10.9 сая хүн өвчилж, 522 мянга гаруй хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 182 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.

24 цагийн хугацаанд АНУ-д 54 мянга шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдлын тоотой өдөр байлаа. Мөн Бразилд 48, Энэтхэгт 21 мянгаар өвчлөл нэмэгдсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6000 хүн шинээр халдвар авч, 147 хүн нас барсан.  Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 34-112 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөл тасралтгүй хурдтай нэмэгдэж байна.  Тувад 112 хүн шинээр халдвар авч, эмнэлэг орны  ачаалаа дийлэхгүй болсон байна.

Манай улсын хувьд өчигдөр 541 хүн ажиглалтад шинээр орж, 274 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2712 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Эдгээр иргэдэд 43 их эмч 55 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өчигдөр Сөүлээс 420, АНУ-аас 25, Замын-Үүд боомтоор 96 хүн ирсэн. ХӨСҮТ-д 9 хүнийг тусгаарласан.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 11 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 4000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас Казахстан, Австри улсаас 2 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.