М.Энхсайхан хоригдож, С.Баяр шалгагдаж, Ж.Эрдэнэбат шүүгдэж байна

Манай улс 31 дэх Ерөнхий сайдаа томилохтойгоо зэрэгцэн 29 дэх Ерөнхий сайдаа яллахаар шүүж таарлаа. Санаатай, санаандгүй аль нь болохыг мэдэхгүй ч Ерөнхий сайд нараа барьж хорих яллах байдал хавтгайрлаа. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар Москвад эрүүдэн шүүгдэж байхдаа хэлсэн гэдэг. Цаг өөр болж, нийгэм өөрчлөгдсөн ч энэ үг хууль мэт үйлчилсэн хэвээрээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоригдож, Н.Энхбаяр зарим эрхээ хасуулж, С.Баяр хилээр гарах эрхээ хасуулан шалгагдаж, Ч.Сайханбилэг арга буюу гадаад амьдарч, Ж.Эрдэнэбат шүүгдэж байна. Бүр нэг дор хоёр Ерөнхий сайдаа барьж хорьсон тохиолдол ч гарсан. Тодруулбал, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хамтад нь хорьж байлаа. Тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр “Өнөөдөр намайг сарын хугацаатай цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө" гэж байв. Хоёр Ерөнхий сайдаа нэгэн зэрэг хорьсон, цаашлаад хамгийн олон Ерөнхий сайдаа барьж хорьсон улс магадгүй манайх л байх.

Ажил хийсэн хүн алдаа гаргадаг, бурууддаг. Энэ утгаараа гүйцэтгэх заслалыг тэргүүлж явсан хүмүүст их, бага хэмжээний алдаа бий. Харин сүүлийн үед Ерөнхий сайдаар ажилласан хүн бүрийг шалгаж, барьж хорьж байгаа нь улстөрийн зорилготой гэх хардлага төрүүлэх боллоо. Олон нийт зөвхөн хардаад зогсохгүй бүрт итгэх болов. Учир нь, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг барьж хорихдоо УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэсэн хамгаалалтыг нь үл тоолоо. Уг нь УИХ-ын тухай хуульд заасны дагуу барьж шалгах бол УИХ-д хандаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийг барьж саатуулах бол Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах учиртай. Энэ хоёр процессын аль ч болсонгүй. Шууд л бариад хорьчихлоо. Түүний буруутай эсэхийг мэдэхгүй. Харин хууль, шүүхийн байгууллага өөрсдөө хуулиа зөрчиж байгаа нь улстөрийн зорилготой ажиллагаа гэсэн хандлага төрүүлж, бүрт итгүүлж байна. Цаашдаа зөвхөн Ерөнхий сайд нар бус өрсөлдөгч л бол хэнийг ч хамаагүй барьж хорьдог, улс төрийн зорилгодоо хууль хяналтын байгууллагыг байх л ёстой зүйл мэт ашигладаг болчихвол манай улс ардчилсан хэмээх тодотголоо алдана. Одоо ч эхнээсээ алдаад эхэллээ.