Даваагийн Бямбасүрэн хийгээд Сүүлчийн нүүдэлчид

Бүх кино бол баримтат кино. Байж болох хамгийн зохиомол кино ч гэсэн дотроо оршин буй соёлынхоо талаарх мэдээллийг, мөн бүтээж буй хүмүүсийнхээ дүр төрхийг агуулж байдаг...

Билл Николс

“Баримтат киноны үүд”

(2010) номоос...

Даваагийн Бямбасүрэнгийн гурвал

Даваагийн Бямбасүрэн эдүгээ цагийн монгол киночдоос хамгийн амжилттай яваа уран бүтээлч билээ. Түүний нэрд гарсан “Ингэн нулимс” (2003), “Шар нохойн там” (2005),“Эзэн Богдын эр хоёр загал” (2009) гурван баримтат киног хэдий тус тусдаа санаатай ч нэгэн агуулга, үзэл санаанд зангигддаг гурвал бүтээл гэж ойлгож болно. Эл гурвалын сүүлчийн бүтээл болох “Чингис хааны эр хоёр загал”- аас улбаалан Д.Бямбасүрэн найруулагчийн уран бүтээлийн зам мөрийн тухай ойлгох гээд оролдоод үзье.

Дуу хийгээд хуурын мөрөөр...

Өвөрмонголын дуучин Монголд төдийгүй дэлхий дахинд ялангуяа Европын орнуудад алдар нэрд хэдийнэ хүрсэн Цахар Урнаа гэгч эмэгтэй Монгол руу тэмүүлж явна. Галт тэрэгний цонхоор харан суух түүнд цаанаа л дотно санагдах аж. Тэрээр Ар Монголд ирсэн нь морин хуурын чуулгатай хамтран Чингис хааны эр хоёр загал дууг дуулах зорилготой. Галт тэрэгнээс буугаад тэрээр шууд морин хуурын чуулга орж уран бүтээлчидтэй танилцана.

Түүний Монголд ирсэн хоёр дахь зорилго нь ээжээс нь дамжин ирж соёлын хувьсгалын үеэр хагас бие нь устаж зөвхөн толгой нь үлдсэн хуучин морин хуурыг янзалж бүтэн болгох байлаа. Алдартай морин хуур бүтээгч дээр очиж энэхүү хүсэлтээ тавина. Тэр Шанхайн урлагийн сургуульд байхдаа ёочин хөгжим тоглодог байсан ч тэнд сурч буй хүмүүс хэрхэн өөрсдийн өв соёлоо алдаж байгааг хараад хөгжмөө орхисон талаараа түүнд ярьж өгөв. Хуур бүтээгч ч хийхийг зөвшөөрөв. Гол дүр болох Урнаагийн аялал цааш үргэлжилж “Нарантуул” худалдааны төв орж эртний эдлэл үзнэ. Тэгж байхдаа нэг залуутай танилцсан нь хөдөөнөөс орж ирсэн хотод зураг зурж худалддаг гэх хүн. Түүнээс салж хөдөө явах унаанд суух ба машинд явахдаа жолоочтой Хятад болон Дундад улс гэсэн тодорхойлолт дээр маргалдах нь түүнийг үндэстнийхээ ухамсарт ямар чухлаар ханддаг болохыг илтгэнэ. Зуны бороо хур элбэгтэйгээс энэ тэнд лаг шавар ихтэй.

 

Урнаагийн суусан машин ч энэ зүйлийг тойрсонгүй саатаж орхив. Түүний энэ аялал зорилгоор дүүрэн байлаа. Нэгдүгээрт, хуучин морин хуураа сэргээхэд шаардах цагаан морины сүүл олох, хоёрдугаарт, Чингисийн эр хоёр загал дууг өөриймшүүлэх уран бүтээлийн хайгуул болжээ. Машин саатаж хөдөөгийн энгийн малчин айлд хонож тэдний адуунаас цагаан зүсмийн адууны сүүлнээс гуйж авдаг. Авахдаа хадаг барьж машид хүндэтгэлтэй хандсан нь монголчуудын адуу малдаа хүндэтгэлтэй ханддаг ёс заншлыг харуулжээ. Тэр нутагт хурим найр болж айл хотлын бүхий л дуу хуур мэддэг хүмүүс цуглах болдог. Урнаа тэнд тааралдсан хүн болгоноосоо Эзэн богдын хоёр загал гэх дуугаа асууж сураглана. Харамсалтай нь, нэг нь ч мэдсэнгүй. Тэр хүмүүсээс асууж явсаар зайдуу байх бөөгийн урцанд ирж онгод тэнгэр буухыг харна.

Тэндхийн хүмүүсээс сонссоноор ойрхон байх ууланд нутаг усандаа сайхан дуулдгаараа алдартай эмгэн суудаг гэнэ. Ингээд Урнаа эмгэнийг олж эрэл болсон дуугаа асуусан ч эмгэн мартчихсан гээд халгаасангүй. Гэвч Урнаа эмгэнд амьдралаа ярьж ойртож дотноссоноор дууг дуулуулж чаддаг. Ийнхүү Урнаагийн уран бүтээлийн их хайгуул дуусаж, морин хуурын чуулгатай хамт Эзэн богдын хоёр загал дууг дуулж буйгаар кино төгсдөг.

Эр хоёр загал гэдэг нь

Ар, Өвөр Монгол хоёр...

Чингис хааны эр хоёр загал нь 2009 онд хийгдсэн найруулагч Д.Бямбасүрэнгийн гурав дахь бүрэн хэмжээний бүтээл.

Баримтат кино гэдэг бол нийгмийн амьдралын хөдлөшгүй баримтыг уран бүтээлч хүн ашиглан, цаг үеийнхээ тухай, хүний амьдрал хувь заяаны тухай өөрийн хувийн үзэл бодлыг уран сайхны аргаар нээн гаргадаг урлагийн төрөл зүйл билээ.

Харин хувийн үзэл бодол, нийгэмд хандах хандлага нь нас ахиж, уран бүтээлийн эрэл хайгуул хийх тусам улам батжин, төгөлдөржиж байдаг зүйл. Тэр ч утгаараа өмнө нь гурван ч кино хийсэн тэрээр уран бүтээл туурвих чамгүй туршлагатай болжээ.

Д.Бямбасүрэн уран бүтээлч хүний хувьд идэр нас буюу 38 насандаа энэхүү киног хийжээ. Тийм учраас өмнөх бүтээлүүдээс нь хийц болоод өгүүлэхийг зорьсон санаагаараа илүү өргөн цар хүрээг хамарч илүү хурц зөрчил үүсгэж чадсан юм. Жишээ татан өгүүлэхэд, энэхүү кинонд зүйрлэл болон бэлгэдэлт агуулга өмнөх бүтээлүүдээс нь илүү ихээр илэрсэн нь Чингис хааны хоёр загал хэмээх нэрнээс харагдана. Чингис хааны эр хоёр загал гэдэг нь зүйрлэсэн утгаараа ар ба өвөр Монголыг илэрхийлжээ.

Чингис хааны нэгтгэсэн агуу том гүрэн цагийн эрхээр доройтож хятадуудын нөлөөгөөр хоёр хуваагдсаныг зүйрлэл маягаар хэлээд буй. Энэхүү кинонд хятад орныг буруушаасан өнгө төрх, санаа илтэд гүн шингэсэн бөгөөд энэ нь зурагт дүрслэл болон дүрүүдийн харилцан яриагаар илрэн гарч байна. Жишээ болгон дурдвал дүрийн үндсэн хөтлөгч эд хэрэгсэл болох морин хуурын толгой нь Хятадын соёлын хувьсгалын үеэр эвдрэн сүйдсэн гэдэг нь цаагуураа Хятад улсын нөлөөн доор өвөр монголчуудын соёлын өвөрмөц байдал хэрхэн уусан алга болж буйг баримтат киноны зарчмаар ний нуугүй харуулсан.

Мөн Урнаа киноны туршид ээждээ захидал бичиж дуусаад шуудангаар явуулах гэтэл монгол бичгээр бичсэн зүйлсийг явуулж болдоггүйг хэлдэг. Энэ үйл явдлаар Өвөрмонгол төдийгүй ар монгол ч бичиг соёлын хүрээнд өв уламжлалаасаа алгуур алсарч байгаа гэсэн санааг илэрхийлсэн байна.

Тус кинонд үндэстний шинжтэй маш том асуудлуудыг хөндсөний нэг нь ар, өвөр монгол бие биеэсээ аажмаар хөндийрч, хүнийсэж байгааг уран сайхны бэлэгдлийн аргаар найруулан тавьжээ. Энэхүү санаа нь гол дүр болох Урнаа тааралдсан хүн бүрээсээ “Эзэн богдын хоёр загал” дууг асууж сураглахад бүгд сураг сонссон боловч яг таг мэдэхгүй байгаагаар илэрнэ. Чухамдаа Урнаа “Эзэн богдын хоёр загал” хэмээх дууг хайсан бус эзэн Чингисээс гаралтай хоёр үндэстний нэг өрөөсөн, нөгөөгөө оюун санааны түвшинд эрж хайж буй гэсэн санаа. Найруулагч Д.Бямбасүрэн энэхүү киногоороо улс үндэстнийхээ өв уламжлал, устан буй зан үйл болон өвөр Монгол, ар Монголын уг гарвалын тухай улс төрийн агуулга бүхий санааг гаргахыг хичээжээ.

Баримтат киноны заагийг давсан нь

Найруулагч Д.Бямбасүрэн өөрийн гурав дахь бүрэн хэмжээний кинонд өмнөх бүтээлүүдээсээ эрс өөрчлөгдөж баримтат гэхээсээ илүү уран сайхны төрөл рүү хэлбийжээ. Киноны бараг бүх хэсэг зохиолын гол шугамд нөлөөлөх дүрслэлүүдтэй буюу кино зураг тэр чигтээ зохиолын дагуу үүсгэвэр орчинд өрнөсөн байдалтай. Чухам үүгээрээ Д.Бямбасүрэн найруулагч уран сайхны кино болоод баримтат киноны зааг ялгааг арилгасан гэхэд хилсдэхгүй.

Мөн энэхүү кинонд Д.Бямбасүрэн найруулагч анх удаа дүрийн монолог ашигласан. Гол дүр болох Урнаа ээждээ захидал бичих байдлаар монолог хийсэн нь уран сайхны талаасаа оновчтой шийдэл болжээ. Зарим санааг үгээр тайлбарлах шаардлагагүй ойлгогдож байхад, зарим үед үгээр нөхөж хэлэхээс аргагүй байдалд хүрдэг. Тэгэхээр найруулагчийн хэлэх гэсэн санаа дан дүрсээр илэрхийлэхэд хангалтгүй байжээ гэж ойлгож болох бөгөөд дүрүүдийн өөрсдийн үзэл бодол биш дүрээр дамжуулан Д.Бямбасүрэн үзэл бодлоо илэрхийлж буйг үзэгчид санах хэрэгтэй.

Д.Бямбасүрэнгийн “гарын үсэг”

Найруулах эрдэм гэдэг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийнхөө арга барилыг олж, шинэчлэгдэн хөгжиж байдаг нарийн түвэгтэй түүхэн үйл явц буюу хүний хөгжлийн нэг хэсэг билээ. Д.Бямбасүрэн найруулагч анхны гурван бүрэн хэмжээний киногоо хийхдээ бүгдэд нь өөр өөр уран сайхны аргуудыг ашигласан. Эндээс Д.Бямбасүрэн найруулагчийг уран бүтээлийг эрэл хайгуул их хийдэг, нэг хийсэн зүйлээ давтдаггүй өвөрмөц чанартай уран бүтээлч гэж үзэж болох юм. Гэвч уран бүтээл бол хувь хүний үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэх талбар учраас тухайн хүний мөн чанарыг хадгалж үлдсэн зүйлс бүх уран бүтээлд нь ил далд хэлбэрээр оршин байдаг. Тэр жишгээр Д.Бямбасүрэн найруулагчид ч гэсэн бүх уран бүтээлд нь давтагдаж буй хэв шинжүүд бий.

1. Мэргэжлийн бус жүжигчид:

Д.Бямбасүрэн найруулагчийн бүх кинонд бодит буюу мэргэжлийн жүжигчин бус хүмүүс өөрсдийнхөө дүрд тоглодог. Хэдийгээр тэд найруулагчийн бичсэн зохиолын дагуу үүсгэвэр орчинд хагас жүжиглэсэн байдалтай байгаа ч өдөр тутамд хийдэг үйлдлээ хийж, өөр хүний дүрд ордоггүй учраас үзэгчдэд бодит мэдрэмжийг төрүүлдэг онцлогтой.

2. Уламжлалт зан үйл:

Хүн гэдэг төрж өссөн нийгэм ахуйнхаа бүтээгдэхүүн учраас ямар ч тохиолдолд тодорхой хэмжээний мэдээллийг өөртөө агуулж байдаг. Кино ч мөн адил. Д.Бямбасүрэнгийн бүх кинонд төрж өссөн нутаг болох Монгол орных нь өвөрмөц ахуй, зан заншил агуулагдаж байдаг. Чухам үүнийхээ төлөө л дуугарч чадсан учраас тэрээр дэлхийг кино урлагт өвөрмөц ул мөрөө үлдээж яваа билээ.

3. Амьтдаар дамжуулж санаа илэрхийлэх:

Түүний бүтээсэн бүх кинонд амьтад томоохон үүрэг гүйцэтгэдэг. “Ингэн нулимс”, “Шар нохойн там”, “Чингис хааны эр хоёр загал” гэх гурван киноны нэрийг харахад л ойлгомжтой. “Ингэн нулимс” кинонд тэмээгээр дамжуулж монголчуудын өвөрмөц зан үйлийн тухай, “Шар нохойн там” кинонд хав нохойгоор дамжуулж хотжилтын асуудлыг, “Чингис хааны эр хоёр загал” кинонд хоёр загал мориор дамжуулж улс төрийн шинжтэй санааг илэрхийлсэн.

Найруулагч Д.Бямбасүрэнгийн өгүүлэх санааны хувьд кино болгон дээр хамрах хүрээгээ тэлж байсан нь анзаарагдана. “Ингэн нулимс” кинонд монголчуудын уламжлалт зан үйлийн өвөрмөц тал, домгийн сэтгэлгээ болон нийгмийн үе хоорондын онцлог ялгааг харуулсан. Гэвч дараагийн кино болох “Шар нохойн там”-д хөдөөнөөс хот руу нүүх их нүүдлийн тухай, хүн болох хувь заяаны үнэ цэнийн тухай өгүүлснээрээ өмнөх киноны агуулгаас эрс том хүрээг хамрах болсон. Гурав дахь кино болох “Чингис хааны эр хоёр загал” кино нь өмнөх хоёр киноноосоо бүр илүү том хүрээг хамарсан санааг илэрхийлэв. Тус кинонд Хятад, Монгол хоёр орны улс төрийн болоод түүхэн асуудал, ар болоод өвөр монголчуудын харилцааг илүү хурцаар шүүмжлэх маягаар дэлгэн харуулсан.

Д.Бямбасүрэн ба нүүдэлчин ахуйн сүүлчийн баримт

Б.Бямбасүрэнгийн гурван уран бүтээл нийлж Монголын нүүдэлчин ахуйн мөхлийн тухай нэгэн цул санааг илэрхийлнэ. Эхний кино болох “Ингэн нулимс”-д хоёр хүү төв газар руу явахад суурин иргэншилтэй амьдардаг иргэд орчин үеийн техник хэрэгсэл хэрэглэж байгаа нь нүүдэлчин ахуй, суурин иргэншил хоёрын зөрчлийн урьдач нөхцөл болдог. Энэ зөрчил кинонд хүчтэй хэлбэрээр илрэхгүй ч гярхай үзэгчдэд андашгүй харагдана. Хоёр дахь бүтээл болох “Шар нохойн там”-д энэ зөрчил илүү хурц болдог. Нохойгоо орхиод хотыг зорин одох нутгийн айлууд, аргал давхарлаж олон давхар байшин болгож тоглох жаахан охин гээд найруулагч энэ санаагаа хүчтэй илэрхийлэхийг зорьсон нь илт. Өмнөх кинонд арай ч хотыг зориод нүүчихээгүй ч нутагтаа телевиз, радио мэтийн шинэ мэдээллийн хэрэгслүүдтэй болоод байсан монголчууд хоёр дахь киног хийх үед хот руу нүүгээд эхэлчихсэн байжээ. Энэ санаа гурав дахь кинонд бүр илүү хүчтэй илэрчээ. Хотын зорьсон их нүүдэл даамжирч Улаанбаатар хотын хүн ам маш олон болжээ.

Хөдөөнөөс хот руу ирсэн айлуудын зарим алдаж эндэн хэцүүдэж, зарим нь ямар нэгэн аргаар хоногийн хоолтой залгуулж буйг зах дээр таардаг зураач залуугийн харилцан ярианд шигтгэж өгсөн. Зураач залуу бол маш чухал дүр бөгөөд магадгүй “Шар нохойн там” кинонд гардаг гөлөгний хаяад явсан эзэн байж ч болохоор. Нүүдлийн иргэншил устан үгүй болох сорилттой тулгарч байгааг хөндсөн энэ санаа гурван киног тус тусад нь үзэхэд тийм ч их мэдэгдэхгүй. Харин бүгдийг үзээд дараа нь ерөнхий утгаар дүгнэвэл нүүдэлчин ахуй суурин иргэншил хоёрын зөрчил эхлэхээс хурцдах хүртэлх үйл явцыг баримтжуулан үлдээжээ.

Д.Бямбасүрэнгийн уран бүтээлийн агуулгын тэлэлт

“ЧИНГИС ХААНЫ ЭР ХОЁР ЗАГАЛ”
буюу улс төрийн өгүүлэмж

“ШАР НОХОЙН ТАМ”
буюу хотжилт, домог зүй

“ИНГЭН НУЛИМС”
буюу уламжлалт зан үйл


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)