Сүүлийн 18 хоногт дэлхийд гурван сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилжээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 18 хоногт дэлхийд гурван сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилжээ. Иймд хүн бүр өөрийн чадах зүйлийг хийж, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, биеийн тамираар хичээллэх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч түгээх нь онцгой чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 195 мянган хүн өвчилж, 4000 гаруй хүн нас баржээ. 

ОХУ-ын Буриад, Тува, Читад өвчлөл 43-110-аар нэмэгдсэн. Хил залгаа мужуудад өвчлөл тасралтгүй өссөөр байгаа тул иргэд анхаарал сэрэмжтэй байхыг уриалъя.

Манай улсын хувьд өчигдөр 66 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2668 хүн тусгаарлан ажиглах байранд байна.  Эдгээр иргэдэд 42 их эмч 70 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 16 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагт 119 дугаарт 108 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас гурван улсаас 4 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.