Дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж хүүтэй болжээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарынн 3-нд нийт 557 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 3 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 1 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолооч, Замын-Үүдээр орж ирсэн 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 3 жолооч, хоёр нь Беларусь Улсын иргэн, 1 нь ОХУ-ын иргэн, 4 дэх нь Нур Султанаас ирсэн 56 настай иргэн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 183 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  37 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 31 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Өнөөдөр өглөө тусгаарлах байранд байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. 05:00 цагт ХӨСҮТ-д хүү төрлөө" гэлээ.