Михейл Саакашвили

Улстөрч, удирдагч хүмүүсийн туулсан замнал нь амжилт ололт, алдаа оноотойгоор түүхэнд бичигддэг. Зарим нь үндэстний эцэг, аугаа хэмээх тодотголтойгоор түүхийн хуудаснаа үлддэг бол зарим нь авлига, албан тушаалын хэргээр шоронгийг хаалга татах нь ч бий. Тодорхой хугацааны дараа түүхийн шүүлтүүрээр орчихдог юм л даа. Гүржийн Ерөнхийлөгч асан Михейл Саакашвили хэмээх зартай эр бий.

Гүрж, Украины улстөрч хэмээх тодотголтой энэ эр үе үе дуулиан шуугианы эзэн болно. Сарнайн хувьсгалыг удирдаж,Эдуард Шеварднадзег зайлуулсан, Гүржийн эдийн засгийг өсгөж, авлигатай тэмцсэн гэж үнэлэгддэг. Нөгөө талаар Гүрж-Оросын хүйтэн харилцааны эхлэлийг тавьж, Өмнөд Осетыг нэгтгэх гэж бүтэлгүйтээд оросуудад арчуулах дөхсөн гэх зэрэг шүүмжлэл ч дагуулдаг. Үнэхээр улс төрийн замнал нь дуулиан шуугианаар дүүрэн эр дээ.

Сарнайн хувьсгал бол 2003 оны арваннэгдүгээр сард өрнөсөн Гүржийн эсэргүүцлийн хөдөлгөөн байлаа. Эдийн засгийн буруу удирдлага, сонгуулийн луйвар, улс төрийн авлига, ядуурал, төрийн үхээнц байдлыг эсэргүүцсэн Барууныг дэмжигчид жагсаалд уухайлан оролцов. 20 хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал Михейл Саакашвилийн удирдлагаар амжилтад хүрч, Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзег улс төрөөс зайлуулав. Үндсэндээ Сарнайн хувьсгал нь Гүрж дэх Зөвлөлтийн үеийн удирдлагын бүтцэд төгсгөл тавьсан түүхэн ач холбогдолтой гэдэг. Ер нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд 1991 оноос хойш Оросын нөлөө, Оросын талыг баримтлагчдаас салах гэж нэлээд зүдэрсэн дээ. Гүрж дэх Сарнайн хувьсгалаас хойш яг жилийн дараа Украинд Барууны талыг баримтлагч Виктор Ющенко, Юлия Тимошенко нарын удирдлагаар Жүржийн хувьсгал хийсэн. Мөн л Оросын талыг баримтлагч улстөрчдөөс салах зорилготой гэмээр. Сарнайн ба Жүржийн хувьсгалаас хойш Гүрж, Украины аль аль нь Оростой тун тааруу, хүйтэн харилцаатай болсон. Хэдийгээр НАТО, цаашлаад Европын Холбоонд элсэх эрхэм зорилготой боловч цаадуул нь Орос хэмээх том улстай дайсагнасан харилцаатай улсуудыг эгнээндээ элсүүлэх цаг болоогүй гэж үздэг хэвээрээ. Гүржүүд 2008 оны намар Оростой таван өдөр дайтсан бол 2014 оноос хойш Зүүн Украинд нөхцөл байдал тун ээдрээтэй хэвээр байна. Донбассыг ОХУ дэмжиж, салан тусгаарлагчдыг өөгшүүлдэг гэж Украин, Барууныхан буруутгадаг.

Михейл Саакашвили 2004-2013 онд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Гүржийн эдийн засгийг жилийн 10 гаруй хувиар өсгөж, авлигыг бууруулж чадсан гэж Барууныхан үнэлдэг. Ялангуяа, Гүржийн цагдаагийн албаны шинэтгэлийг нь өндрөөр үнэлж, амжилттай хэрэгжүүлсэн жишээ гэж үздэг юм билээ. ЗХУ задран унаснаас хойш Гүрж улс нь дэлхийн хамгийн авлигажсан улсуудын нэгт тооцогдож байв. 2003 онд Транспаренси Интернэйшнл байгууллагын судалснаар Гүрж нь судалгаанд хамрагдсан 133 улсаас авлигад автсан байдлаараа 124 дүгээр байранд жагсаж байв. Ялангуяа, Гүржийн цагдаагийн алба иргэдийг хамгийн их бухимдуулна. 2003 оны Сарнайн хувьсгалаас өмнө Гүрж улсад автомашинаар 10 километр замыг туулах явцдаа хэд хэдэн удаа цагдаад шалгуулж, хахууль өгөхөөс аргагүйд хүрдэг гэж бичиж байв. Сарнайн хувьсгалаар засгийн эрхэнд гарсан Саакашвилийн Засгийн газар цагдаа, хүчний байгууллагуудыг шинэчлэхээс ажлаа эхэлжээ. Тэд хуучин бүтэцтэй зууралдахыг хүссэнгүй. Улсын Аюулгүй байдлын яам болон Дотоод хэргийн яамыг шууд татан буулгаж, оронд нь шинэ бүрэлдэхүүнтэйгээр Дотоод хэргийн яамыг байгуулжээ. 2004 оны долдугаар сар гэхэд Гүржийн замын цагдаагийн алба болон цагдаагийн нийт албыг тэр чигээр нь татан буулгажээ. Цагдаагийн албыг авлигаас ангижруулахын тулд 30 мянган цагдааг ажлаас нь халжээ. Ердөө хэдхэн хоногийн дотор 15 мянган цагдааг ажлаас нь халж, оронд нь шинэ хүмүүсийг авч эхэлжээ. Хууль сахиулах байгууллагуудын нүсэр бүтцийг халж, өмнө нь 78 гүрж хүнд нэг хууль сахиулагч ногддог байсан бол 2006 онд 214 хүнд нэг хууль сахиулагч ногддог болжээ. Ард иргэд, олон нийтэд Дотоод хэргийн яамны шинэтгэл маш их таалагдаж, 2009 оны судалгаагаар Гүржийн Үнэн алдартны сүм болон Гүржийн армийн дараагаар хамгийн их итгэл хүлээсэн төрийн институт болсон гэжээ. 2015 онд Трансаренси Интернэйшнлийн Авлигын Төсөөллийн Индекс тайланд Гүрж улс авлигын түвшнээрээ 168 улсаас 48 дугаар байранд жагсаж, чансаагаа эрс дээшлүүлжээ.

2008 оны наймдугаар сарын 7-12-нд үргэлжилсэн Орос-Гүржийн дайныг таван өдрийн дайн ч гэж нэрлэдэг. Хоёр талаас нийт 350 орчим хүн амь эрсэдсэн энэ тулалдаанд Орос, Өмнөд Осет, Абхазын арми ялж, Михейл Саакашвилийн Гүрж ялагдал хүлээв. Өмнөд Осет, Кодорийн хөндий дэх гүржүүд нутгаасаа хөөгдөж, оросууд Өмнөд Осет, Абхазыг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрчээ. Гүржүүд Өмнөд Осет, Абхазын нутаг дэвсгэр дэх хяналтаа алджээ. Энэ мөргөлдөөнд Гүржүүд бүтэлгүйтсэн нь Ерөнхийлөгч Саакашвили НАТО, Барууны зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж хэт их найдсантай холбоотой гэж тайлбарладаг юм билээ. Цаадуул нь огт хөдлөөгүй л дээ. Үнэндээ НАТО-д элсэх Гүрж, Украины мөрөөдөл ойрын ирээдүйд биелэх нь эргэлзээтэй.

Михейл Саакашвилийн тэргүүлдэг Нэгдмэл Үндэсний Хөдөлгөөн нам 2012 оны парламентын сонгуульд тэрбумтан Бидзина Иванишвилийн Гүржийн Мөрөөдөл эвсэлд ялагдав. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Саакашвили өрсөлдөх сонирхолтой байсан авч Үндсэн хуулиараа гурав дараалан албан тушаал хашихыг хориглосон учраас боломжгүй болов. Улмаар тэр ондоо Саакашвили Гүржийг орхилоо. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Гүржийн Засгийн газар Михейл Саакашвилийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутай гэж үзсээр байгаа боловч мань эр өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг улс төрийн сэдэлтэй гэдэг.

Саакашвили 2014 онд Украинд болсон хувьсгалыг талархан дэмжигчдийн нэг байлаа. 2015 онд Украины Ерөнхийлөгч Петро Порошенко түүнийг Одесса мужийн захирагчаар томилов. Улмаар Украины иргэний харьяалалтай ч болоод авлаа. Гүрж улс давхар иргэний харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй учраас Саакашвилийн иргэний бүртгэлээсээ хаслаа. Гэтэл ердөө жилийн дараа Саакашвили огцорч, Ерөнхийлөгч Саакашвилийг авлигыг өөгшүүлдэг гэж буруутгав. Үүний хариуд Порошенко түүний иргэний харьяаллыг нь хүчингүй болгов. Нэгэн цагт
Сарнайн хувьсгалыг удирдаж, гялалзаж явсан Гүрж эр аль ч улсын иргэний харьяалалгүй болох нь тэр ээ. Үнэхээр шоглоомтой түүх л дээ. Азаар Украины шинэ Ерөнхийлөгч Володимир Зеленский иргэний харьяаллыг нь өнгөрсөн онд сэргээжээ. Хэдийгээр өнгөрсөн долоон жилд амаргүй замыг туулж, дуулиан шуугианд холбогдож байгаа ч Саакашвилигээс зоригтой, эрс шинэчлэгч хэмээн хүндэтгэдэг хэвээрээ. Саяхан Зеленский түүнд өөрчлөлт, шинэтгэл, стратеги хариуцсан яамны албан тушаал санал болгосон гэх яриа ч хэвлэлүүдийг шуугиулаад амжсан даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Гүржээр Михейл гэдэг юм уу

    0 0 Хариу бичих
  2. Гүрж улс энэ хүний ачаар зөвлөлт школоос салж Барууны улс болж хөгжих замдаа орсоон Гүржийн шүүгч цагдаа нарт нуугдсан авилгалыг таслан зогсоосон

    2 0 Хариу бичих
  3. Бүгдийг амжуулдаг л гар байхгүй юу даа.Ажлаа ч хийнэ.Авилгаа ч авна.

    0 0 Хариу бичих
  4. Яагаад энэ хүнийг эх орон нь гэмт хэрэгтэн, мөнгө идэж уусан гээд зарлаад байдаг юм бол.

    0 0 Хариу бичих
    • Оросын нөлөө... .

      3 0