БШУЯ: Бүх сургалтын байгууллага нэг ангид 20 хүүхдэд л сургалт явуулна

БШУЯ: Нэг ангид 20 хүүхдэд л сургалт явуулна

БШУЯ-наас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой мэдээллийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өглөө.

Тэрээр “Коронавирусийн цар тахлын үед их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээг авсан. 

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нээс эхлэх

Ингэхдээ үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гаргасан.

Бусад улсын туршлага болон Монгол Улсын туршлага дээр тулгуурлан бид шийдвэрээ Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүллээ. Үүнд,

·         Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

·         Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

·         Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо.

Есдүгээр сарын 1-нээс бүх сургалтын байгууллагын цахим хичээл эхэлнэ. Үүнд МСҮТ-ийн цахим хичээл орно.

ЭМЯ-наас өгсөн зөвлөмжөөр гарч болзошгүй эрсдэлээс 50 хувь хамгаална гээд дараах арга хэмжээг зохион байгуулж байна. 

Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг бүх сургалтын байгууллагын нэг ангид 20 хүүхэд байна. Цэцэрлэг бүлэг дүүргэлт нэг анги 20 хүүхэдтэй байна.

ЕБС-иийн сум орон нутгийн сургуулийн тухайд нэг ангид 20 хүүхэд байна.

Аймгийн төв болон нийслэлийн ачаалал ихтэй сургууль дээр 3 өдөр танхим, 2 өдөр цахим сургалт хийнэ.

Цэцэрлэгийн хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд хүмүүжүүлнэ.

2020-2021 онд 2 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй.

5 настай хүүхдийг 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их, дээд сургуулийн лекцийн хичээл 100 хувь цахимаар явагдана. Дадлагын хичээл танхимаар явагдана. Ингэхдээ нэг ангид 20 хүүхэд гэдэг журмын дагуу явагдана.

Хувийн их дээд сургуулиудын төлбөрийн асуудал дээр эцэг эхчүүдэд дарамт учруулахгүй сар улирлаар төлдөг зохицуулалтуудыг хийнэ.

Бүх шатны сургалтын байгууллага дээр албан ёсны ариутгал хийгдэнэ. Үүнийг хичээл эхлэхээс өмнө 3 удаа хийнэ. Сургууль, цэцэрлэг дээр ариутгал, халуун хэмжигч гээд олон асуудлыг шийднэ. Үүний хөрөнгө мөнгөний асуудлыг өнөөдөр Засгийн газарт хүргэнэ.

Цар тахлын үед Засгийн газраас иргэдээ дэмжин хүүхдүүддээ боловсрол олгох чиглэл дээр ажиллаж байгаа учраас эцэг эхчүүд хуучин энгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр ажиллана. Хүүхдүүд анги сэлгэн суралцахгүй, багш нар анги сэлгэн хичээлээ заана. Нөхцөл байдал сайжирвал бид буцаагаад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд үе шаттай аажмаар шилжүүлэхээр төлөвлөлтөө хийсэн.

Танхимд үзэх хичээлийн тоог багасгана. Эхний сар хичээлийн тоог багасган дараа нь аажмаар нэмэх байдлаар үзнэ. ХӨСҮТ-ийнхөн өдөр бүр манай яам дээр ажиллаж байгаа.

Бид долоо хоног бүр хэвлэл мэдээлэл, иргэдэд мэдээлэл өгнө” гэв.