Сүүлийн долоон жилд хууль бусаар хил давуулсан дөрвөн багц олдворыг эх орондоо авчиржээ

Монгол улсын төдийгүй Дэлхийн соёлыг гэрчлэх  биет өв болсон палеонтологийн олдвороо манай улс,  хууль бус наймаачдаас хэрхэн хамгаалж, хил давуулсан олдворуудыг хэрхэн оруулж ирж байгаа талаар Ийгл телевизийн  мэдээ хөндлөө.

2013 оноос хойш хууль бусаар хил давуулсан Монголын гаралтай 4 багц олдворыг эх орондоо авчиржээ. Хэдийгээр  хил давуулсан олдворуудыг төсөв, хөрөнгө хугацаа гарган оруулж ирж байгаа боловч, түүх соёлын үнэт зүйлээ үнэгүйдүүлж, ашгийн төлөө хууль бусаар хил давуулдаг байдалтай хуулийн хүрээнд тэмцэж  чадахгүй байсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Палеонтологи нь дэлхий дээр оршин байсан эртний амьдрал, түүний төрлүүдийг судалж тодорхойлдог шинжлэх ухааны чухал салбарын нэг. Нэг үгээр байгалийн түүх. Монголын төдийгүй дэлхийн түүхийг гэрчлэх палеонтологийн олдвор бол Монгол улсын соёлын өв төдийгүй, томоохон дархлаа, мөн бахархал. Энэ дундаа байгалийн түүхийг гэрчлэх багана болсон үлэг гүрвэлийн олдвороор манай улс дэлхийд айргийн тав ордог. Ийм л үнэт зүйлдээ бид хоноцын сэтгэлээр өнгөц ханддаг. Үүний тод жишээ алтны нинжа мэт түүх дурсгалыг сүйтгэж, гар аргаар палентологийн олдворыг малтаж, түүнийгээ хил давуулан наймаалах болсон явдал.

Палеонтологийн олдвор бол монгол улсын төдийгүй дэлхийн соёлын өв, байгалийн түүх

Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “1990-ээд онд зах ззэлд шилжсэний дараа хүн бүр говиос гаралтай динозаврын өндөг зарна гэж явдаг цаг үе байсан. Дараа нь динозаврын яс, тэгээд яс нь хэрэггүй өндөрддөг гээд толгойг нь тасдаж авдаг үзэгдэл бий болсон. Би энэ цаг үеийг монголын палеонтологийн эмгэнэл гэж хэлдэг. 1990-ээд оны дунд үе 2000 онд оргил үедээ очсон. Палеонтологичид хээрийн судалгаа хийхэд юм олоход ч хэцүү болсон. Түүний л үр уршиг. Тодорхой цагийн байгалийн түүхийг эргээд сэргээж судлах хамгийн бодит баримт маань энэхүү палеонтологийн олдворууд юм. Гэтэл өнөөдөр ховор гэдэг дээр үндэслэн манайхан үүнийг наймааны хэрэгсэл болгох гэж оролдлоо. 2012-2013 оноос хойш овоо зогсоод байсан бол өнгөрсөн жил цагдаагийн байгууллага хууль бусаар малтлага хийн тээвэрлэж явсан хоёр ч үйлдлийг тогтоосон.  

Хууль бусаар хил давуулсан олдвороо авчирч байсан үе 2013 он. 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаарыг 2012 онд  Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулах гэж байсныг мэдэж, тухайн үеийн Ерөнхийлөгч нэхэмжлэл гарган, эх орондоо авчирч байсан байдаг.   Үүнээс хойш 4 удаа 4 багц олдворыг эх орондоо авчраад байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ оны 6 сарын 24-нд АНУ-аас 11 хайрцаг олдворыг эх орондоо авчирсан. Хэзээ хэрхэн хил давуулсан, хэд дүгээр зууны олдвор зэргийг судалж тогтооно.

Соёл урлагийн газрын мэргэжилтэн Ч.Нацагням “2016 оноос хойш АНУ-д гарсан соёлын өв тэр дундаа палеонтологийн олдворуудыг судалж, нэлээд хүч чармайлт гарган ажилласны үр дүнд эдгээр олдворуудыг монголд авчраад байна. Ийнхүү палеонтологийн олдворуудыг эх орондоо авчирснаар монголын шим мандлын эртний түүхийг бодит эх баримтаар нотолж үлдээж байгаагаараа хамгийн чухал ач холбогдол нь оршиж байгаа юм” гэв.

Соёлын өвд тооцогдох шашны эд зүйлс хууль бусаар хил давуулахыг оролдсон 9 хэрэг  2019 онд бүртгэгдсэн байдаг. Үлэг гүрвэлийн олдвороос жижиг хэмжээтэй судар ном тахил шүтээний эд зүйлс хил давуулахыг завдсан хэрэг илэрдэг хэрнээ үлэг гүрвэлийн олдвор илрэхгүй хил давчихдаг нь хачирхалтай. Эргээд түүнд оролцсон хүнийг илрүүлдэггүй ч мөн эргэлзээтэй.

2013 онд Тарбозавр Батаарыг оруулж ирэх үед нас барсан иргэн дээр энэхүү хэргийг тохож үлдээж байсан. Үүнээс хойш гурван багц олдвор эх орондоо авчраа байгаа ч монгол талаас манай хууль эрх зүйн орчныхоо хүрээнд хэргийн эздийг олоогүй байх юм. Өөрөөр хэлбэл уг олдворууд гадаадад худалдагдах гэж байхад нь гаднын оролцоотой хүмүүс болоод монголын талаас оролцсон хүмүүсийг нь олж тогтоочхоод байхад манай хууль эрх зүйн орчин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дээр Соёлын өвийн гэмт хэрэг гээд бүхэл бүтэн заалт орж ирсэн ч бид дотооддоо гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадаагүй гэх. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа.

Энэ жил Соёлын яамтай болж байгаа. Тиймээс энэ чиглэлийн асуудал шийдэгдэх байх гэсэн хүлээлт  мэргэжилтнүүдийн дунд байна.

Хууль бусаар хил давуулсан манай улсын палеонтологийн олдворууд БНСУ, Франц улсад байна

Хэчнээн ширхэг, үнэлж барахгүй олдвор хууль бусаар хил давсныг бид таашгүй. Учир нь хууль бус зүйлийг тоолоод суух аргагүй. Харин орж ирж байгаа болон Монгол улсынх  байж болзошгүй гэх  сураг гарсан  олдворуудыг тооцох юм бол багагүй тоо  гарна. Зөвхөн АНУ-аас оруулж ирсэн олдвороор гэхэд л музей байгуулчихсан байх жишээтэй.

Мөн үүний хажуугаар төсөвтэй холбоотойгоор  авчирч чадахгүй байгаа олон олдвор байна. Жишээлбэл, Солонгост манай  11 олдвор байна. Үүний гурав нь  Батаар байх жишээний. Франц, Бельги зэрэг улсад манай улсад буцааж өгөх гээд бэлэн болчихсон, хууль хяналтын байгууллага нь дүгнэлтээ гаргачихсан олдворууд ч байгаа юм байна.

Засгийн газрын нэхэмжлэл гаргаад, авчрах зардал, мөнгийг нь бэлдвэл түүхийн үнэт өвөө эх орондоо авчрах боломжууд байгааг хэлж байлаа.