ОХУ-ын Владивосток хотод худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, COVID-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амласан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.

ГХЯ-ны Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу "Хөрш орнуудтай хийх худалдааг нэмэгдүүлэхийн тулд ОХУ-ын Владивосток хотод худалдааны төлөөлөгчийн газар нээх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-тай хийж байгаа худалдаагаа төрөлжүүлэх, махны экспортоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2019 онд 54 мянган тонн мах экспортолсон. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 4 мянган тонн мах экспортлоод байна. Мөн 2020 оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 25 хувиар багассан бол гадаад худалдаа 22 хувиар буурсан үзүүлэлттэй байна" гэв.